Татварын Ерөнхий Газар

“Татвар төлөгч танд баярлалаа”.

Монгол Улсын иргэн би татвар бол төрийн гол үйл ажиллагаа болох нийгмийн харилцааг зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлэх санхүүгийн хамгийн том , гол эх үүсвэр гэж боддог оо. Татварыг улсын төсөвт эрх бүхий байгууллагаас тогтоосон хугацаа, хувь хэмжээгээр хувь хүн, хуулийн этгээдийн зайлшгүй ба хууль зүйн хувьд хариу төлбөргүйгээр төлөх мөнгөн дүн гэж ойлгодог бөгөөд “Татвар бол хүүхэд бидний ирээдүйн хөгжил” юм. Миний бодлоор татвар бол эх орныхоо ирээдүйн сайн сайхан, хөгжлийн төлөө өнөөдөр өөрт байгаа мөнгөн хөрөнгөөсөө төлж байгаа хувь нэмэр юм. Ихэнх татвар төлөгчид өөрсдийн хөдөлмөрлөж олсон мөнгөн хөрөнгөөс авч буй төрийн хар дарамт гэх мэтээр, харин татварыг захиран зарцуулах эрхтэй хүмүүс, үүнийг нэгж бүр нь нэгж ажилчны нэгж дусал хөлсөөр бүтээгдсэн гэдгийг умартан, зүгээр л орж ирдэг юм шиг санадаг. Иймээс л татвар төлөгчид татвар төлөх сонирхолгүй байдаг.

 Хэрвээ төлсөн татвар бүрийн ашиг, ирээдүйд татвар төлөгчдөд хүрч чаддаг байсан бол бүх хандлага өөр байх байсан биз ээ. Тиймээс иргэдийнхээ төлөө Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа нь хүүхэд бидний  нүдэнд маш тодоор болон телевизээр азтан болж байгаа иргэдийг харж азтан болохыг мөрөөддөг байлаа. Гэвч аймгийн төвийн бүх дэлгүүр болон бусад газраас үйлчилгээ авахад сугалааны дугаартай төлбөрийн баримт өгч байгаа нь сумын төвд сурдаг надад хааяа даа л нэг аав, ээжийн хамт аймаг орохдоо л авдаг байлаа. Миний бие 4А ангид сурдаг л даа. Хааяа л аав, ээжээсээ дээд тал нь 1000 төгрөг аваад 1 дэвтэр заримдаа зайрмаг, иштэй чихэр авч иддэг. Тэгэхэд сумын дэлгүүр баримт өгдөггүй. Аймгийн төвд болохоор нэг иштэй чихэр авсан ч баримт өгдөгт аав, ээждээ өгч шивүүлээд азтан болох ч юм болов уу гэж боддог байлаа. Би дандаа Цагаан сарыг өвөө, эмээгийндээ хөдөө очиж тусалж өнгөрөөдөг байлаа. Харин энэ жил шинийн гурванд аав, ээж, хоёр дүүтэйгээ аймгийн төвийн ах дүүдээ золгох аз таарч аймаг ороод ээжтэйгээ Цамбагарав буудлын хажууд байдаг “Нарлаг” дэлгүүрээс 2500 төгрөгөөр үсний боолт авсан баримтаа бүртгүүлж, 100000 төгрөгийн азтан болсон. Миний бодож байсан бодол талаар болоогүй шүү. Ээж минь намайг боолт авна гэхэд Цагаан сар болж байхад чамд зөндөө боолт бэлгэнд өгнө гээд авч өгөхгүй байхад би бүр гуйж байж авсан барбитай боолт надад аз авч ирсэн учир би тэр боолтондоо үнэхээр хайртай байдаг.

Аав, ээж хоёр маань ч азтан болсноос хойш татварыг байцаагчаар хэлүүлэхгүй татвараа тушаах талаар ярилцаж билээ. Надад тохиолдсон шиг  ийм бодолтой сумын хүүхдүүд их байгаа байх гэдэгт би л лав эргэлзэхгүй байгаа. Манай сумын татварын байцаагч эгч дэлгүүр дотор байдаг зарлалын самбарт төлбөрийн баримт хэвлэдэг төхөөрөмжийн сурталчилгаатай цаас наагаад л байдаг. Харин тэр дэлгүүрийн эзэд яагаад ойлгоод төхөөрөмжөө аваад ирдэггүйг би огтхон ч ойлгодоггүй. Хэрвээ сумандаа төлбөрийн баримтаа хэвлэж өгөөд азтан олон тодорвол хөдөөний иргэд бидний төлсөн  татварын нэгээхэн хэсэг энэ хүний сугалааны мөнгөнд ирж, нэг ч гэсэн иргэдийн амьдралд хэрэг болж байна гэж бодож татвараа сайн сайхны төлөө тушаадаг болох байх аа. Гэхдээ цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүйн адил манай сум төлбөрийн баримтаа өгдөг болно гэдэгт би итгэж байна.

Миний бодлоор татварыг зөв, эрх зүйн орчин, зөв сонголттой, зөв явах амьдралын ухаан, хүүхэд бидний  ирээдүйн хөгжлийн үндэс гэж харж ногдсон албан татвараа хугацаандаа төлдөг иргэн болж, “Татвар төлөгч танд баярлалаа” гэдэг үгийг татварын байцаагч эгчээс сонсох болно. Иймээс татварын зөв бодлого биднийг зөв замд хөтөлж сумаараа татвараа төлж, “Шилдэг татвар төлөгч сум” болно гэдэгт итгэж найдаж явдаг аа би.

 

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 4А ангийн сурагч А.Балжинням



:)