Татварын Ерөнхий Газар

“Хөгжлийг тодорхойлогч нь Татвар”.

“Төр оршихуй дор татвар оршихуй

                  Татвар оршихуй дор төр оршихуй”

Цаг хугацааны шуурганд түрэгдэн өнгөрсөн арван найман жил надад долоон үсгээр хамгийн агуу, хамгийн гүн утгат үг /амьдрал/ юу болохыг батлан харуулан урсан одсон мэт... Энэ хугацаанд эхийн хайр, эцгийн түшиг, өвгөдийн сургааль, дээдсийн түүхээр услан ундаалагдан бойжсон “Монгол иргэн” би тантай хамт бодлын гүн ертөнцөөр аялахдаа таатай байна.

Хүүхэд бүр өглөө эртлэн босч, сургууль руугаа яарна. Аав ээж, ах эгч минь бүр хөрш айлынхан хүртэл нартай уралдан тус тусын ажил албандаа явна. Үүнийг би үүрэг, хариуцлага мэтээр төсөөлдөг байлаа. Гэтэл нухацтай бодох нь ээ, бид бүгд “ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ” зүтгэж яваа нэг зүг зориглосон ард түмэн байх нь. Энгийн үгээр хэлбэл, нэгдүгээр ангийн хүүгийн доторх “Би эрдэм сураад ах шигээ сайн цагдаа болно” гэсэн хүсэл ч гэсэн Монголын хөгжилтэй холбоотой байдаг. Та бодоод үзээрэй.

Хөгжил дэвшлийн тухай дурьдсан газарт төр засаг үргэлж яригдана. Төрийн үүрэг хөгжил дэвшил бөгөөд дээрх хоёр нь харилцан түшилцэлтэй ойлголт юм. Төрийг тэнгэрт дүүлэн нисэх шувуутай адилтгавал тэрхүү шувууны далавч нь татвар болно. Төрийг татваргүйгээр төсөөлөх боломжгүй. Татвар нь улсын төсвийн 70-80 хувийг бүрдүүлнэ.

Улсын төсвийг усан сан гэж үзвэл татвар нь түүнийг дүүргэж байдаг хоолой, төрийн зардал нь түүнээс хөрөнгийг урсган гаргаж буй суваг юм. Хөрөнгийг тэрхүү сувгаар гаргасны үр дүнд таны орчин тойрны бүх зүйлс /сургууль, цэцэрлэг, эмнэлэг, байшин барилга, мод ургамал, хотын тохижилт, зам гүүр/ бий болсон гэдгийг бүү мартаарай. Түүнчлэн,

Эрдэмт мэргэдийг хүмүүжүүлэгч БАГШ

Энгүй чадлаараа түмнийг анагаагч ЭМЧ

Эх орны энхийг сахиулагч ЦЭРЭГ ЦАГДАА, ХИЛЧИН

Энхрий үрсийн минь сурах АЮУЛГҮЙ ОРЧИН

Бүтээн байгуулалтын тэнгэр баганадсан БАРИЛГА

Байгаль орчны тогтвортой ХӨГЖИЛ, ХАМГААЛАЛ

Төдийгөөс өдий хүртэл Монголыг цогцлоосон буурлуудын ТЭТГЭВЭР

Төмөр, засмал зам, хилийг дагасан ХӨГЖИЛ...

Энэ бүгдийг татвар тэтгэдэг. Таны толгойд буй мэдлэг, сууж буй тохилог анги танхим, өвчин зовлонгүй эрүүл саруул бие, эрүүл аюулгүй орчин бүгдээрээ гайхалтай бас сайшаалтай биш гэж үү? Ингэхээр “Хөгжлийг тодорхойлогч нь ТАТВАР” гэх үг бодит шинжээ олном.

Улсын Их Хурлын гишүүн асан С.Ганбаатар “Надад төлөвлөгөө байна” хэмээх лекцдээ Норвеги, Финлянд, Сингапур, Голланд, Солонгосын хөгжлийн замаар хөгжих хэрэгтэй. Норвегийн хөгжлийн эхний алхам нь Үндсэн хуулиа зөв баталж, төрийн бодлогыг зөв хэрэгжүүлсний үр дүн хэмээн тайлбарласан. Иймээс хөгжлийг хүсэгч хэн бүгд татвараа төлөх ёстой.

Сайны хажуугаар саар гэгчээр татвараас зайлсхийх, орлогоо нуудаг хүмүүс мэр сэр байсаар л. Хөгжлийг хүсдэггүйдээ биш хувийн ашиг сонирхлыг тэргүүнд тавьдаг учраас тэр биз. Тэгсэн хэрнээ тэр ч байгууллага, энэ ч байгууллага болохгүй байна, хот утаатай байна, төсөв хаашаа урсаад байна гэх мэтээр том дуугарах нь эмгэнэлтэй. Гэхдээ би тэднийг буруутгахгүй ээ. Удахгүй ухаарах цаг ирнэ. Миний ард түмэн ухаалаг.

Хэрвээ та орлогоо шударгаар мэдүүлж, татвараа цаг тухайд нь төлж хэвшвэл шаардлагатай байгаа 200 гаруй цэцэрлэг, хэдэн мянган залуусын ажлын байр, эмнэлгийн тоног төхөөрөмж мөн тоглоомгүйгээр үйл ажиллагаагаа явуулж буй цэцэрлэгүүдэд хувь нэмрээ оруулж болох юм. Та эргэцүүлээд нэг үзээрэй.

2015-2016 оны байдлаар Монгол Улсын хэмжээнд 2-5 насны 288 960 хүүхэд байснаас 225 388 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдсан байдаг. Үлдсэн 63 572 хүүхдүүдийн 22 хувь нь цоожтой хаалганы цаана бүтэн жилийг өнгөрүүлсэн гэж болно. Монголын ирээдүй ингэж хөгжих нь зөв үү?

Гэхдээ би зарим нэг зүйлд сэтгэл дүүрэн байдаг. Учир нь би өнөөдөр ЕБС-д үнэ төлбөргүй сурч, боловсрол эзэмшиж, гэрэлтэй гудамжаар аюулгүй харьж, иргэнийхээ хувьд эрхээ бүрэн дүүрэн эдэлж /төрийн хамгаалалт/, дүү нар минь тохилог цэцэрлэгт томоожиж, цэмцгэр тоглоомын талбайд тоглож наадан инээлдэж, өвөө эмээ минь эмнэлгийн тусламжийг шуурхай авч байгаад талархдаг. Татвар төлдөг эх оронч хүний буруу гэж юу байх вэ. Үр дүн нь бүр гайхамшигтай.

Ерөнхий боловсролын сургууль төлбөртэй байсан бол хамгийн багадаа 1-2.5 сая байх байсан биз. Өөр дээрээ жишээ авбал, би айлын ууган охин бөгөөд доороо гурван хөөрхөн дүүтэй. Намайг наймдугаар ангид байхад хамгийн бага дүү маань нэгдүгээр ангид орсон. Түүнээс хойш тооцвол жилд дор хаяж 8 сая, дөрвөн жилийн хугацаанд 32 сая төгрөг төлөх байсан байна. Энэ бүхнийг чөлөөлж, эцэг эхийн минь нуруун дээрх ачааг хөнгөлж, хамтдаа МОНГОЛЫГ БҮТЭЭЖ яваа та нараараа нууцхан омогшиж, бахархаж явдаг юм шүү.

Билл Клинтон хэлэхдээ “Хүн төрөлхтөний өнөөгийн мухардлыг харвал дэлхий дээр улс төрийн жинхэнэ удирдагч алга. Өнгөрсөнд ганцхан хүн л агуу удирдагч байсан юм. Энэ бол Монголын Чингис хаан. Өнөөдөр бид Чингис хаанаас, Монголчуудаас суралцах цаг ирсэн байна” хэмээсэн. Энэхүү үг биднээс хариу үйлдлийг хүсэх шиг...

Миний санаа бодол энэ. Танд санаа оноо юу байна. Өвгөдийнхөө нэр төрийг өндөрт өргөж, хамтдаа дэлхийд цойлохуйц агуу ард түмэн гэдгээ батлан харуулцгаая. Солонгос, Катар, Сингапур, Америк руу шогширч, хөгжлийг нь гайхан шүлсээ гоожуулах биш, түүнийг нутагтаа сүндэрлүүлж ХӨГЖЛИЙГ БҮТЭЭЦГЭЭЕ!

XIII зуунд ноёрхож байсан Монгол эргэн мандах болно.

Энэ бол бидний эрин үе. Яг одоо эхэлье!!!

Татварыг “ДАРАМТ” гэж биш “ӨГЛӨГ БУЯН” гэж үзэж эх орныхоо гэрэлт ирээдүйд үнэтэй хувь нэмэр оруулж буй эрхэм танд баярлалаа.


Увс аймгийн Улаангом сумын III сургуулийн 12г ангийн сурагч Г.Намуунаа

:)