Татварын Ерөнхий Газар

“Татвар-Бидний ирээдүй”.

Өнөөдөр 2018 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр. Би бол олон зуун жилийн түүхтэй хөх Азийн цээжинд орших Монгол Улсын нутаг дэвсгэр дээр амьдарч буй жирийн нэгэн сурагч. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр улам даяаршиж буй өнөөгийн нийгэмд техник технологи хурдацтай хөгжиж, нийгэмд өрнөж буй мэдээ мэдээлэл бидний нүдний урд нисээд л ирдэг болсон. Өнөөдөр, өдөр бүр уламжлал болон гардаг МҮОНРТ-ийн “Цагийн хүрд” хөтөлбөрийг сонирхон үзвэл “Оны шилдэг 100 татвар төлөгч ААН”-ийн талаар ярив. Тэрхүү агшинд тархинд минь нэгэн дохио буусныг харвал “Татвар гэж юу вэ?” гэсэн асуулт эргэлдэж байлаа. Үнэн хэрэгтээ би 11 дүгээр ангиасаа эхлэн татварын тухай “Нийгмийн ухааны хичээл”-ээр судалсан хэдий ч тодорхойлолт, томъёоноос өөр зүйлийг үл ойлгон, өөрийн амьдралдаа буулгаж  харах ухаан дутсан байсныг тэр үед л ойлгосон юм. Миний эргэн тойронд оршин байдаг бусад хүмүүсийг ч хараад байхад татвар гэгч зүйлийн талаар төдийлөн сайн мэддэггүй юм шиг санагддаг. Нэг үгээр хэлбэл, татварт эерэг бус сөргөөр ханддаг мэт... Тиймдээ ч би өнөөдөр өөрт болон өрөөл бусдад татварын тухай бага ч гэсэн ойлголт төрүүлэхийг хүсэн, энэхүү эссэгээ бичихээр шийдэв.

 

...Өчигдөр бол сургамж

Өнөөдөр бол боломж

Маргааш бол бэлэг...

 

“Өчигдөр бол сургамж” гэх энэхүү өгүүлбэрийн цаана  татварын үүсэл, хөгжил түүний үр нөлөө өнөөдөр бидэнд яаж илэрдэг болохыг тайлбарлая. Монголчууд эрт дээр үеэс 100 хониноос нэг хонийг гувчуурлан авч, ядуусыг тэтгэх санд өгдөг байсан бөгөөд энэ нь өнөө үед орших татварын эх үүсвэр байсан юм шиг санагддаг. Татварын үүслийн суурь болсон улсууд болох Египет, Ром, Грек, Их Британи болон малыг гувчуурлан авч байсан Монголын тухайн үеийн нийгэм, жирийн ардаас татвар авч ядууст хандивлаж байсан нь нэг талаар дэвшил боловч манай улсын хувьд цөөн тооны малтай зарим ард өөрийн баялгаа татварт өгөх нь туйлын хэцүү байдалд хүргэж байсан юм. Үүнээс сургамж авч, татварын хөгжил он жил өнгөрөх тусам ахиц дэвшил гаргасаар байна.

 

“Өнөөдөр бол боломж”. Т-А-Т-В-А-Р гэх зургаахан үсэгний ард улс орны хөгжил цэцэглэлт үүсэн бий болж байдгийг та мэдэх үү? Taxo–буюу тооцоололт, Tax payer–буюу татвар төлөгч гэсэн латин үгнээс гаралтай “татвар” хэмээх ойлголт нь хуулийн дагуу тогтоосон хэмжээгээр бүх хүн, хуулийн этгээдээс төрийн байгууллагад заавал төлөх ёстой буцалтгүй шинжтэй хураамж юм. Тийм ч учраас татвар нь зайлшгүй төлөгдөх шинж чанартай гэж би боддог. Үүнийг уншин суугаа иргэн та төрөөс цалин авдаг уу?, таны үр хүүхэд ЕБС-д сурч боловсорч байна уу?, таны эцэг эх, эмээ өвөө тэтгэвэр авдаг уу?, та улсын өмчийг ашигладаг уу?. Мэдээж эдгээр асуултын ядаж нэгэнд нь “ТИЙМ“ гэж хариулах байх. Тэгвэл та хариуцлагатай татвар төлөгч мөн үү?. Энэхүү асуултад бүх хүн “Тийм” гэж хариулахгүй нь лавтай. Таны, миний, бид бүгдийн эргэн тойронд сүндэрлэн босч байдаг эмнэлэг, сургууль, цэцэрлэг, музей, номын сан, театр болон төрийн үйлчилгээ үзүүлдэг бусад олон байгууллагууд бүгд л иргэн таны төлсөн татварын үндсэн дээр баригддаг. Эрүүл мэнд, боловсрол, соёл зэрэг төрийн суурь үйлчилгээг хүн бүрт хүргэх, төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад тусалдаг төрийн үйлчилгээний алба болон аюулгүй байдлыг хангах, төрийн бодлогыг боловсруулж байдаг бүхий л албан хаагчид татварын тусламжтайгаар цалинжиж  байдаг гэдгийг мэдэх нь чухал.

 

“Хүн төрсөн нь үнэн бол татвар төлөх нь үнэн”

 

Зах зээлийн эдийн засгийн хөгжлийн явцад үүссэн энэхүү бичигдээгүй хууль нь төрийг татваргүйгээр төсөөлөх боломжгүй гэдгийг сануулж байгаа мэт санагддаг. Ингээд л харахад улсын төсвийг бүрдүүлэгч  хамгийн чухал хүчин зүйл бол иргэд бидний дурлаад байдаггүй нөгөө л нэг татвар байдаг аж. Монгол Улсын хувьд л авч үзэхэд улсын төсвийн 80-90 хувь нь татвараас бүрдэж, эрүүл мэнд, шинжлэх ухаан, нийгмийн хамгаалал, дэд бүтэц, бага дунд боловсрол гээд нийгэмд тулгамдаж байдаг олон асуудлыг татварын орлогоор шийддэг. Татварыг төрлийнх нь хувьд шууд ба шууд бус гэж ангилдаг бөгөөд шууд татвар нь манай улсын иргэн бүрээс, үйл ажиллагаа явуулж буй ААН бүрээс авах татвар юм. Үүний нэг жишээ бол хувь хүний орлогын албан татвар. Өөрөөр хэлбэл, цалин, шагнал, бизнесийн болон бусад үйл ажиллагаанаас ямар нэгэн орлого олсон иргэн та улсад тодорхой хэмжээгээр татвар төлсөн л бол өөрийн орны төсөвт чухал хувь нэмэр оруулж, Монгол Улсын Үндсэн хуульд заасан “Иргэний үндсэн үүрэг”-ээ биелүүлж буй хэрэг билээ. Нөгөө талаас тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулж буй иргэдээс авах татвар нь шууд бус татвар бөгөөд хамгийн түгээмэл хэлбэр нь “Онцгой албан татвар” юм.

 

Өнөөгийн Монголын нийгэм дэх татварын бодлогын өмнөх үеүдээс ялгарах гол онцлог нь төлсөн татварынхаа тодорхой хувийг буцаан авч болдог болсонд оршиж байна. Үүнээс харахад иргэн-татвар-нийгэм, эдийн засаг хэмээх ойлголтууд үндсээрээ холбоо хамааралтай болохыг ойлгож байна. Яг л тулгын гурван чулуу шиг... Үүний сацуу татвараа хариуцлагатай төлдөг ААН-үүдийг энд дурьдан сайшаах нь зүй ёсны хэрэг. 2017 оны байдлаар “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Таван Толгой”, “ОюуТолгой”, “Хаан банк”, “АПУ”, “ГОВЬ” гэх мэт шилдэг 100 ААН, байгууллага шилдэг татвар төлөгч байгууллагаар шалгарсан нь улс орон, нийгэм эдийн засаг, ард иргэдийн амьдрал олон шатаар дээшилж агуу их Чингисийн бүтээсэн Монгол Улс хөгжиж буй орон бус хөгжингүй улс орны тоонд багтаж, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах боломжийг бидэнд олгож байна.

 

“Маргааш бол бэлэг”

 

Татварын үр шим, давуу талыг тоочоод дуусашгүй их. Гэхдээ би тэдгээрээс ганцхан зүйлийг ярих маш дуртай. Энэ юу вэ гэвэл гаднаас орж ирэх импортын бараанд татвар ногдуулж дээр дурьдагдсан олон компани болох эх орныхоо дотоод үйлдвэрлэлийг дэмжих “Протекционист” бодлого билээ. Ойрын жилүүдэд төрөөс иргэдэд ногдуулах татварын хувь зохистой хэмжээнд хүрч, иргэд ч татвараа шударгаар төлөх эрмэлзэл ихэсч байгаа нь улс орон хурдацтай хөгжихийн түлхүүр болж байна. Улс орны ирээдүйн хөгжлийг залах үр хойчийн төлөөлөл болсон миний бие эрдэм мэдлэгийг өөрт хуримтлуулж, эх орондоо хэрэгтэй сайн албан хаагч болоод хариуцлагатай татвар төлөгч болохоо амлая.

 

“Татвар оршихуй дор төр буй, төр оршихуй дор татвар буй” хэмээх үзлийнхээ үндсэн дээр өнөөдрийг хүртэл  татвараа чин үнэнчээр төлж, эх орныхоо гэрэлт ирээдүйд үнэтэй хувь нэмэр оруулж буй иргэн танд баярлалаа.

 

Татвар бол хүн болгоны инээж төлөх сайн үйл

Татвар бол та бидэнд ирэх баялгийг бүтээгч гайхамшиг

Татвар бол нэг нь нийтийн төлөө нийт нь нэгний төлөө нэгдэн нийлж оршихуйн үндэс билээ.

 

   Орхон аймгийн Лаборатори VIII сургуулийн 12а ангийн сурагч А.Эрдэнэжаргал                    

:)