Татварын Ерөнхий Газар

Ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ .

Олон улсын болон Монголын ахмадын өдрийг тохиолдуулан ТЕГ-ын газрын удирдлагууд олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаад гавьяаны амралтандаа гарсан ахмадуудаа өнөөдөр хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүллээ. ТЕГ-ын Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Л.Нэргүй хүрэлцэн ирсэн ахмадууддаа баярын мэндчилгээ дэвшүүлээд, уламжлалт уулзалтад хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, урт нас, удаан жаргалыг ерөөлөө.


Тэрбээр хэлсэн үгэндээ, “Залуу халуун насаа Монголын Татварын албыг хөгжүүлэх их үйлсэд зориулж, үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг хойч үеийнхэн чинь үргэлж санаж, та бүхний зөвлөгөө, санал санаачилгыг байнга сонсож байх болно. Залуу, дунд, ахмад гэсэн гурван үеийн залгамж халаа бол Монголын Татварын албаны хөгжлийн гол тулгуур учир зөвхөн ахмадын баяраар уулздаг биш, байнгын эргэх холбоотой хамтран ажилладаг байх нь зүйтэй хэмээн үзэж, хамтран ажиллах Санамж бичгийг байгуулаад байгаа билээ. Ахмадуудын маань хуримтлуулсан туршлага, чадавхийг залуу, хойч үеийнхэнд өвлүүлэх нь чухал юм. Та бүхний зөвлөмж, санал санаачилгыг хүлээн авахдаа үргэлж бэлэн байх болно” хэмээгээд ТЕГ-ын дарга Д.Занданбатын мэндчилгээг уламжлав.


Уулзалтад оролцсон ахмадуудыг төлөөлж, ТЕГ-ын Ахмадын хорооны дарга Ж.Бавуусүрэн үг хэлж, Татварын албыг хөгжүүлэх үйл хэрэгт хүчин зүтгэж ирсэн үе үеийн ахмад буурлуудад байнга анхаарал, халамж тавьдаг ТЕГ-ын удирдлагуудад талархал илэрхийлээд цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүслээ. Хүндэтгэлийн уулзалтад ТЕГ-ын Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Л.Нэргүй, Хуулийн хэрэгжилтийг хангах газрын дарга Б.Болдбаатар, Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Л.Бямбадорж болон албаны бусад хүмүүс оролцсон юм. Мөн ахмадууддаа зориулан Татварын албаны залуу үеийнхэн дуу хуураа өргөн барилаа.




















Бичсэн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан Э.Энхцэцэг

Гэрэл зургийг ТЗУГ-ын ТУБ Н.Галбадрах


 


 


:)