Татварын Ерөнхий Газар

Монголын татварын албаны албан хаагчид төрийн албаны тангараг өргөлөө.

Монгол Улсын Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ыг үндэслэн Төрийн албаны мэргэшлийн шалгалт өгч, тэнцсэн ТЕГ, аймаг, нийслэл, дүүргийн Татварын хэлтсийн албан хаагчид өнөөдөр тангараг өргөлөө.
Тангараг өргөх ёслолын ажиллагаанд ТЕГ-ын дарга Д.Занданбат, ТЗУГ-ын дарга Л.Нэргүй, Төрийн албаны салбар зөвлөлийн дарга, Дотоод аудитын газрын дарга Д.Сайханчулуун, Монгол Улсын Гавьяат эдийн засагч, Татварын албаны ахмад ажилтан С.Даян болон албаны бусад хүмүүс, тангараг өргөх албан хаагчид, тэдний гэр бүл оролцлоо. Ёслолын ажиллагааг ТЕГ-ын дарга Д.Занданбат нээж, “Монгол төрийн уламжлал болсон төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөх ёслолын журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч баталдаг бөгөөд Монгол Улсын иргэн төрийн захиргааны албанд анх орохдоо тангараг өргөн баталгаажуулдаг билээ. Өнөөдөр та бүхний амьдралд чухал үйл явдал тохиож байна. Та бүхэн өнөөдрөөс эхлэн төрийн эрх мэдлийг хэрэгжүүлдэг эд эс болж байна. Өндөр хариуцлага, итгэл гэж хүлээж аваарай. Төрийн албаны эрхэм зорилго нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан ард түмэндээ үйлчилж, төрд чин үнэнчээр зүтгэхэд оршдог. Ингээд Монгол Улсын хуулийг хүндэтгэж, хүний эрхийг дээдэлж, төрийн албанд итгэл зүтгэлтэй, хариуцлагатай, үр бүтээлтэй ажиллахыг хүсье” хэмээсэн юм.

Мөн Монгол Улсын Гавьяат эдийн засагч, Татварын албаны ахмад ажилтан С.Даян төрийн албаны мэргэшлийн шалгалт өгч, тэнцэн төрийн жинхэнэ албан хаагчийн тангаргаа өргөж буй Монголын татварын албаны хойч үе болсон залуучууддаа баяр хүргэж, ажлын амжилтыг хүсэхийн зэрэгцээ албаныхаа нэр хүндийг өндөрт өргөж, төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэхэд авъяас чадвар, эрдэм мэдлэгээ дайчлан ажиллахыг онцлон тэмдэглэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигийн хавсралт буюу Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журамд тангаргийг хамтаар өргөхөд хамгийн ахмад нь Монгол Улсын төрийн захиргааны албан хаагчийн тангаргийг цээжээр дээдлэн дуудаж бусад нь дагалдана хэмээн заасны дагуу НТГ-ын менежер Л.Баясгалан “Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангаргаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээсэн Төрийн захиргааны албан хаагчийн тангаргийг дуудаж, бусад нь дагалдан тангаргаа өргөлөө.











:)