Татварын Ерөнхий Газар

Иргэдэд хамгийн олон төлбөрийн баримт хэвлэж өгсөн есөн компанид талархал илэрхийллээ .

2018 онд иргэн, ААН-д хамгийн олон төлбөрийн баримтыг олгосон есөн компанид талархал илэрхийлж, дурсгалын зүйл гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Сангийн яамны Хүндэтгэлийн танхимд боллоо. Уг үйл ажиллагаанд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал, “Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв” улсын үйлдвэрийн газрын захирал Т.Батбилэг болон албаны бусад хүмүүс, компанийн төлөөлөл оролцлоо.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль 2016 оноос хэрэгжиж, иргэд худалдан авсан бараа, үйлчилгээнийхээ төлбөрт цахим төлбөрийн баримт буюу ибаримтыг авч хэвшсэн. Тэгвэл НӨАТ-ын тухай хуулийн дагуу 2017 онд 497 мянган татвар төлөгчид 35.1, 2018 онд 654 мянган татвар төлөгчид 78.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгосон бол энэ онд 808 мянган татвар төлөгчид 121 тэрбум төгрөгийн урамшуулал олгохоор байгаа юм.

Буцаан олгох урамшууллын дүн ийнхүү жилээс жилд өсч, 60 орчим хувиар нэмэгдсэн нь иргэд, аж ахуйн нэгжийн оролцоо, идэвх санаачилга сайн байгааг гэрчилж байна. Үүнтэй холбоотойгоор 2018 онд иргэн, ААН-д хамгийн олон төлбөрийн баримтыг олгосон есөн компанид Сангийн сайд Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлж, дурсгалын зүйл гардууллаа.

Ёслолын ажиллагааг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нээж, “Иргэдийн данс руу буцаан олголтыг хийж байгаа цаг үетэй давхцан 2018 онд иргэн, ААН-д хамгийн олон төлбөрийн баримтыг хэвлэж олгосон есөн компанид талархал илэрхийлэх ёслолын ажиллагааг зохион байгуулж байна. Монгол Улсын Засгийн газар, Сангийн яамнаас явуулж буй бодлогыг дэмжиж, хамтран ажилласан та бүхэнд талархал илэрхийлье. Сүүлийн гурван жилд НӨАТ-ын буцаан олголт авах иргэдийн тоо нэмэгдсэн нь эдгээр аж ахуйн нэгжүүдийн оролцоо, хамтын ажиллагааны үр дүн юм. Ингээд хамгийн олон төлбөрийн баримт олгосон аж ахуйн нэгжүүддээ дурсгалын зүйл гардуулъя” хэмээсэн.

2018 онд иргэдэд хамгийн олон төлбөрийн баримт хэвлэж өгсөн компаниудыг “Мобиком корпораци” тэргүүлсэн бол “Номинтав трейд”, “Юнител”, “Петростар”, “Монос-Улаанбаатар”, “Миний дэлгүүр”, “НИК”, “Алтан жолоо трейд”, “Моннидер” зэрэг компани удаалжээ. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар дурсгалын зүйл гардуулсны дараа дараа жил улам олон баримтыг иргэдэд хэвлэж өгөхийн зэрэгцээ хажуудаа олон аж ахуйн нэгжийг дагуулж, татвараас зайлсхийдэг, шударга бус өрсөлдөөнийг бий болгодог, хууль бус давуу байдал олгодог үйлдлийг хамтдаа таслан зогсооход ихээхэн чармайлт гаргана гэдэгт итгэж буйгаа илэрхийллээ.













Бичсэн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан Э.Энхцэцэг
Гэрэл зургийг ТЗУГ-ын ТУБ Н.Галбадрах




:)