Татварын Ерөнхий Газар

Татвар төлөгчдийн өдрүүд эхэллээ.

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг зохион байгуулдаг. Энэ удаагийн  татвар төлөгчдийн өдрүүдийг  “Татвар- Хөгжлийн үндэс” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх бөгөөд  татварын хууль тогтоомжоо сурталчлах, шинэ үйлчилгээг танилцуулах, татварын боловсрол олгох сургалт, татварын сэдэвт уралдаан тэмцээн зохион байгуулах болон шилдэг татвар төлөгчдийг шалгаруулж алдаршуулах ажил өнөөдрөөс эхэлж байна.

Өнөөдөр ТЕГ-аас "Татвар-Хөгжлийн үндэс" хэвлэлийн бага хурал зохион байгуулж, ТЕГ-ын дарга Б.Заяабал, ТЕГ-ын газар, хэлтсийн дарга, ГТСМТТ УҮГ-ын захирал, НТГ-ын дарга, удирдлагууд оролцлоо. ТЕГ-ын дарга Б.Заяабал Татварын албанд хийгдэж буй шинэчлэлүүд болон Татварын багц хуульд орсон онцлох зүйл, заалтуудыг танилцуулж, Татварын удирдлагын нэгдсэн систем нэвтрүүлснээр иргэн, хуулийн этгээд цахимаар  татвар төлөгчөөр бүртгүүлэх, цахимаар татвар төлөх тухай дэлгэрэнгүй танилцуулж, ГТСМТТ-ийн УҮГ-ын захирал Т.Батбилэг Ebarimt 2.0 хувилбарын талаар тус тус танилцууллаа.  

Татварын алба нь татварын хууль тогтоомжийг сурталчлан таниулах, хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн орлого бүрдүүлэх үндсэн чиг үүрэгтэй бөгөөд Монгол улсын татварын орлогыг 100 хувь гэж авч үзвэл  55 хувийг дангаараа бүрдүүлдэг байгууллага юм.

Татварын хууль тогтоомжийг сурталчлан таниулах чиг үүргийн хүрээнд “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийн арга хэмжээг 2000 оноос хойш 20 дахь жилдээ улсын хэмжээнд ирээдүйн татвар төлөгч оюутан сурагчдад татварын боловсрол олгох, татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгжид татварын хууль тогтоомжийг сурталчлан таниулах сургалт, мэдээлэл, үйлчилгээг хүргэж ирлээ. Тухайлбал, сүүлийн хоёр жилд 518 ерөнхий боловсролын сургуулийн 85,104 сурагч, 56 их дээд сургуулийн 7638 оюутан нээлттэй хичээлд хамрагдсан бол 69,140 татвар төлөгчдөд татварын хууль, тогтоомжийн талаар сургалт сурталчилгаа хийж, 7,862 ахмад настанд и-баримтын системд бүртгэхэд туслалцаа үзүүлж, татварын үйлчилгээг үзүүлжээ.

Татвар төлөгчдийн өдрүүдээр шилдэг татвар төлөгчдийг шалгаруулж, хэвлэл мэдээллээр сурталчлан алдаршуулдаг уламжлалтай. Энэ жил 1) улс, орон нутгийн төсөвт хамгийн их татвар төлсөн, 2) Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар хамгийн их татвар ногдуулж, тайлагнасан, түүнчлэн 3) хамгийн олон төлбөрийн баримт хэвлэсэн бизнес эрхлэгч гэсэн гурван шалгуураар нийт 30 татвар төлөгчийг “ТОП ТАТВАР ТӨЛӨГЧ”-өөр тодрууллаа.

Өнгөрсөн гуравдугаар сард УИХ-ын ээлжит бус чуулганаар Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай шинэчилсэн найруулгыг батлуулахад Сангийн яамтай хамтран ажиллав. Дээрх хуулиуд хэрэгжсэнээр татвар төлөгч таны төлөх татварын хэмжээ буурч, эрх ашиг илүү хамгаалагдах бол татварын албаны зүгээс олон улсын татварын шинэлэг зарчим болон илүү ил тод цахим үйлчилгээг нэвтрүүлэх болно. 

Хууль хэрэгжиж эхэлснээр татвар төлөгч таны төлөх татварын хэмжээ буурна. Татварын албанд 2018 онд нийт 100.919 татвар төлөгч тайлан ирүүлснээс 3.4% нь 1.5 тэрбум төгрөгөөс их борлуулалтын орлоготой байсан байна. Тэгэхээр нийт ААНОАТ төлөгчдийн 96.6% нь 1 хувиар албан татвар төлөх болж байна. Олон улсад тогтсон жишгийн дагуу эхлээд орлогоо тайлагнаж, төлөөд дараа нь буцаан авах тогтолцоо бүх татвар төлөгчид нэвтрүүлэхэд хүндрэлтэй гэж үзсэн тул зөвхөн 300 саяас 1.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой татвар төлөгчид л төлсөн татварынхаа 90% хувийг буцаан авах замаар 1 хувиар албан татвар төлнө. Бусад 300 сая төгрөгөөс доош орлоготой татвар төлөгчийн хувьд шууд 1%-иар албан татвар төлнө. 2018 онд татвар төлсөн дүнгээс тооцоолол хийж үзвэл, ийнхүү 1%-иар албан татвар төлөх болсноор 39.2 тэрбум төгрөг, 25%-иар албан татвар төлдөг татвар ногдуулах орлогын босго 3 тэрбум байсныг 6 тэрбум болгож нэмэгдүүлснээр 50 тэрбум төгрөг татвар төлөгчид үлдэж, энэ хэмжээгээр төлөх татварын хэмжээ буурах юм.

  Татвар төлөгчийн эрх ашиг илүү хамгаалагдана. Эрсдэлд суурилсан татварын хяналт шалгалтыг нэвтрүүлэх асуудлыг хуульчилж өгсөн. Ингэснээр зөвхөн “эрсдэлтэй” гэж үзсэн татвар төлөгчийн тайлагнал нь үнэн зөв эсэхийг тогтоох татварын хяналт шалгалт хийнэ. Харин эрсдэлгүй татвар төлөгчийг татварын хяналт шалгалтад хамруулахгүй. Түүнчлэн татвар төлөгчид хийсэн татварын хяналт шалгалтын дүнд “шийтгэлийн хуудас” биш “татварын нөхөн ногдуулалтын акт” бичдэг болсон нь татвар төлөгчийн дутуу тайлагнасан албан татварын зөрчлийг прокурорын байгууллага хянахгүй, зөвхөн татварын байгууллага шийдвэрлэдэг болж байна. Түүнчлэн Татварын маргаан таслах зөвлөл 2 шатлалтай байсныг цөөрүүлж нэг шатлалтай болгосон, татварын хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байсныг бууруулж 4 жил болгосон, татварын өр төлөх хугацааг 2 сар хүртэл сунгадаг байсныг 24 сар хүртэл болж нэмэгдүүлсэн зэргээр татвар төлөгч таны эрх ашгийг илүү хамгаалсан олон зохицуулалтыг татварын хуулийн 2 дахь шатны шинэчлэлд тусгасан.

  Татвар төлөх үүргээ биелүүлэхэд хялбар болно. Хуучин жилийн 30 сая төгрөгийн орлоготой компани нь жилийн 30 тэрбум төгрөгийн орлоготой компанитай адил жилд 4 удаа татварын тайлан тушаадаг байсан бол жижиг болон дунд хэмжээний татвар төлөгчид жилд 2 удаа, харин бичил татвар төлөгчид жилд 1 удаа татварын тайлангаа тушаах нөхцөл бүрдэж байна. Мөн татварын тайланг дараагийн татварын жилд залруулах, тушаасан татварын тайланд боловсруулалт хийж, зөрүүг ажлын 3 хоногийн дотор залруулах тухай зөвлөмжийг өгч ажилладаг болсноор татвар төлөгч татварын үүргээ биелүүлэхэд хялбар болж байгаа юм.

  Татварын алба ил тод болно. Татварын албаны үйл ажиллагааны ил тод байдлыг мэдээллийн технологид суурилах зарчмаар хангах болно. Түүнчлэн татварын алба анх удаа татвар төлөгчийн хүсэлтээр татварын хууль тогтоомжийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх зөвлөмжийг гаргахаар боллоо.

Түүнчлэн “олон улсын татварын хамтын ажиллагаа”-г хуульд тусгайлан тусгаж өгснөөр татвараас зайлсхийхтэй тэмцэх, бусад улсын татварын албатай мэдээлэл харилцан солилцох, татварын маргааныг шийдвэрлэх харилцан тохирох журмыг хэрэгжүүлэх асуудлыг хэрэгжүүлэх болж байгаа нь татварын албыг бусад улсын татварын албатай илүү хамтран ажиллахыг шаардаж байна.

Дэлхийн банкнаас Doing business буюу “Бизнес эрхлэхүй” тайланг жил бүр гаргадаг бөгөөд дэлхийн улс орнуудын хаана нь бизнес эрхлэхэд илүү таатай орчин байгаа талаарх судалгааны дүнг танилцуулдаг. 2019 оны тайлангаар манай улс нь судалгаанд хамрагдсан 190 улсаас 74-рт жагсаж байна. Энэхүү тайланд  компани байгуулах, барилгын тусгай зөвшөөрөл авах, цахилгаанд холбогдох гэх мэт 10 төрлийн асуудлаар бизнес эрхлэхэд хялбар байгааг үнэлдэг нэг үзүүлэлт нь “татвар төлөх” асуудал байдаг. Монгол улсын хувьд “татвар төлөх” үзүүлэлтээр 190 улсаас 61-т орж байна. ААНОАТ, НӨАТ, ХХОАТ (НДШ) гэсэн 3 гол төрлийн албан татварыг  тайлан бэлтгэх, тайлагнах, төлөхөд ихээхэн цаг хугацаа шаарддаг гэсэн үнэлгээг бууруулж чадвал бизнес эрхлэх орчин сайжирч, эзлэх байр урагшлах боломжтой. Энэ үзүүлэлтийг сайжруулах зорилгоор татварын алба нь ААНОАТ, ХХОАТ, НӨАТ тайлангаар ногдуулсан албан татвараа 3 тусдаа гүйлгээгээр, 3 тусдаа дансанд хийдэг байсныг болиулж, цахим нэхэмжлэхэд суурилсан төлбөр төлөх тогтолцоог нэвтрүүлснээр 3 биш 1 удаа төлбөр төлөх нөхцлийг бүрдүүлж эхлээд байна.

Монгол улсад шинэ үеийн татварын алба үүссэн түүх 1992 оноос эхлэлтэй бөгөөд татварын цахим үйлчилгээг анх 2007 онд нэвтрүүлж, гурван төрлийн татварын тайланг цахимаар хүлээн авч эхэлсэн. Гэхдээ эхэн үедээ цахимаар илгээсэн тайлангаа дараа нь цаасаар заавал тушааж, баталгаажуулдаг байсан тул татвар төлөгч, татварын албанаас гардаг зардал, цаг хугацаа буураагүй. Харин 2013 онд тоон гарын үсгийг нэвтрүүлж цахимаар тайлангаа өгч баталгаажуулдаг болсноор татвар төлөгчийн зүгээс жилд ойролцоогоор 18 тэрбум төгрөгийн хэмнэлт гарсан гэж тооцдог. 2016 онд НӨАТ-ын хуулийн шинэчилсэн найруулгыг хэрэгжүүлж, цахим төлбөрийн баримт буюу и-баримтын систем нэвтрүүлснээр 807,270 татвар төлөгч иргэн уг системд төлбөрийн баримт бүртгүүлэн, сугалаанд хамрагдаж, НӨАТ-ын урамшууллыг авахдаа татварын албатай 100% цахимаар харилцдаг болсон нь иргэн татварын алба хоёрын цахим харилцааны том суурь болов.

Татварын албаны мэдээллийн  системийг орчин үеийн технологийн  шийдлээр шинээр боловсруулж, одоогийн алба бүрт байгаа татварын мэдээллийн санг нэгдсэн вэб хандалттай систем ТАТВАРЫН УДИРДЛАГЫН НЭГДСЭН СИСТЕМ-д шилжүүлэх зорилтыг   2017 оноос эхлүүлж, 2018 онд зарим дүүргийн татварын хэлтэсүүдэд туршиж байгаад 2019 оны 01 сарын 21 -ээс 2019 оны 03 сарын 01 хүртэл  татварын бүх албадад  хуучин програмтай  зэрэгцүүлэн ашиглаж байна.

2019 оны 03 сарын 01 -ээс арилжааны  14 банк тус бүрт татварын орлогыг төвлөрүүлдэг  20-45 дансыг хааж,  Төрийн санд төсвийн ангилал, татварын төрлөөр  татварын орлогын 5137 дансыг нээж  татварын орлогын нэгдсэн дансны тогтолцоог хэрэгжүүлэн  нэхэмжлэлд суурилсан  татварын цахим төлөлтийн  системийг иж бүрнээр нэвтрүүлэв. Ингэснээр татвар төлөгч нь татварын албанд ирэхгүйгээр   татварын үйлчилгээг цахимаар авах , татварын ил тод байдлыг хангах, татвар төлөгчийн өөрийн мэдээллийг бүрэн харах, хянах боломжийг бүрдүүлэх ажлын эхлэл тавигдлаа .

ТУНС нь    itax.mta.mn, e-tax.mta.mn, ebarimt.mn болон   Монгол банк, арилжааны банк, төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системтэй холбогдон ажиллаж, иргэн, аж ахуйн нэгж, байгууллага татвар төлөгчөөр бүртгүүлэх,  татварын төрлийн бүртгэлд бүртгүүлэх, татварын нэхэмжлэх харах үүсгэх, татварын өрийн үлдэгдлийг харах, хянах, иргэн нууц үг солих, татвар төлөгч мөн эсэхийг шалгах, татварын албанд төлөлт, тайлан, бүртгэлтэй холбоотой хүсэлтийг цахимаар илгээх, хариуг гар утас майл хаяг болон цахим системээр авч байна.

ТУНС-ийн үлдсэн модулийн хөгжүүлэлтийг 2019.06.01, шинээр батлагдсан    татварын шинэ хууль,   журам, зааврын дагуу нэмэлт хөгжүүлэлтийг 2019.10.01, системийн  туршилт сайжруулалтыг  2019.12.31 гэсэн хугацаанд дуусган    2020.01.01-нд  ТУНС-ийг бүрэн нэвтрүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. 

Системийг нэвтрүүлсэн хугацаанд  татвар төлөгчийн 140920  хүсэлтийг цахимаар хүлээн авч шийдвэрлэн, 194 мянган татвар төлөгчийн 950,8 мянган  гүйлгээний 943,0 тэрбум төгрөгийн татварын орлогыг татварын системд тухай бүр бүртгэсэн байна.   Татвар төлөгчид  2018 оны жилийн эцсийн 779,0 мянган,  2019 оны 324,3 мянган тайланг цахимаар илгээжээ.

ТУНС-ийн нэвтрүүлэх явцад татвар төлөгчид сургалт зохион байгуулах, таниулах ажлыг хийснээс  хүндрэлтэй асуудлууд шийдвэрлэн системийн сайжруулалтыг тухай бүр хийж ирлээ. Тухайлбал системд нэхэмжлэл үүсгэн улсын тэмдэгтийн хураамж төлөх нь иргэдэд хүндрэлтэй байсныг тогтмол нэхэмжлэлийн дугаараар шууд банканд төлөлт хийх, иргэдэд зориулсан itax.mta.mn сайтыг хөгжүүлэн өнөөдрөөс нэвтрүүлж байна.

    Энэхүү систем бүрэн нэвтэрснээр татвар төлөгч нь  татвар төлсөн тодорхойлолт, төв замын зөвшөөрөл,  санал, гомдол гаргах зэрэг 40 гаруй төрлийн үйлчилгээг цахимаар авах бүрэн боломж хангагдана.

  Татварын удирдлагын нэгдсэн системийг нэвтрүүлэх эхний шатанд нийт 24 модулиас татварын бүртгэл, тайлан боловсруулалт, татварын орлогын бүртгэл, татварын тооцоолол, өр барагдуулах зэрэг таван модулийг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ашиглаж байна. Зөвхөн эдгээр таван модулийг нэвтрүүлснээр жилд 22.6 тэрбум төгрөгийн зардал хэмнэгдэх тооцоотой байна.

  Татварын алба Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан төрийн албаны үйлчилгээ цахим болох зорилгод хүрч, 2020 оноос хэрэгжиж эхлэх Татварын багц хуулийнхаа хэрэгжилтийг хангахын зэрэгцээ татвар төлөгчдийн цаг завыг хэмнэж, зардал чирэгдлийг бууруулж үйлчилгээгээ сайжруулж чадна.



:)