Татварын Ерөнхий Газар

Б.Заяабал: 40 мянган ААН-ийн нуруун дээр төсөв тогтож байна.

Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Заяабалтай татварын багц хуулийн хэрэгжилт болон удирдлагын нэгдсэн систем, и-баримтын асуудлаар ярилцлаа.

-ТАТВАРЫН ОРЛОГО ОДООГИЙНХООС НЭМЭГДЭНЭ-

-Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар татварын орлого бүрдүүлэлт эхний улирлын байдлаар төлөвлөсөн хэмжээнд хүрч  байгаа юу?

-Татварын төлөвлөгөө эхний дөрвөн сарын байдлаар 1.2 их наяд төгрөгт хүрээд байна. Одоогоор төлөвлөгөөгөө 13 орчим тэрбум төгрөгөөр давуулан биелүүлсэн амжилттай ажиллаж байна. Манай улсад татвар төлөгч нийт 191 мянган аж ахуйн нэгж бүртгэлтэй байдаг. Эдгээрийн 102-103 мянга нь тайлангаа цаг тухайд нь гаргаж өгдөг. 90 гаруй мянга нь тайлангаа гаргаж өгөхгүй байна гэсэн үг. Тайлангаа ирүүлж байгаа  40 орчим мянган ААН ашигтай тайлан ирүүлдэг.

Өөрөөр хэлбэл ашигтай тайлан ирүүлж буй 40 орчим мянган ААН-ийн нуруун дээр Монгол Улсын  төсөв тогтож  байна  гэж ойлгож болно. Одоогийн хуулиар эдгээр бүх аж ахуйн нэгж 10 хувийн татварын системтэй, орлогоосоо үл хамаараад юм. Хуулийн шинэчлэлийн хүрээнд 1.5 тэрбум төгрөгөөс бага орлоготой аж ахуйн нэгжүүдийг нэг хувийн системд оруулснаар иргэд татвараа нуух шаардлагагүй болох буюу энэ хэрээр татварын бааз нэмэгдэнэ гэж үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, татварын орлого одоогийнхоос нэмэгдэнэ гэж тооцоолсон.

-Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд 33 их наяд төгрөгийн будлиантай асуудал үүссэн гэж АТГ-аас саяхан мэдээлсэн. Хуулийн хэрэгжилтийн үр дүн татварын орчинд хэрхэн нөлөөлсөн байдаг вэ?

-Энэ хуулийн үндсэн зорилго нь санаатай болон санамсаргүйгээр  нуусан хөрөнгө, орлогоо ил болгох боломжийг төрөөс нэг удаа олгосон. Ийм боломжийг нийт 25069 аж ахуйн нэгжид олгосон байдаг. Ингэснээр 8796 монгол иргэн энэ боломжийг эдэлсэн гэсэн үг. Харин гадаадын 448 иргэнийг хамруулсан тоон мэдээлэл байдаг. Хуулийг хэрэгжүүлснээр 33.3 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлого ил болсон. Үүний хүрээнд 4.4 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний татвар ил болсон. Харин татварын орлогод ямар өөрчлөлт гарсан нь нууцын зэрэглэлтэй, хаалттай хууль учраас нарийвчилсан мэдээлэл өгөх боломжгүй. Өөрөөр хэлбэл, иргэн, аж ахуйн нэгжийн зүгээс хэчнээн төгрөгийн хөрөнгө, орлогоо ил болгосныг зарлах боломжгүй.

-Улсын бүртгэл дээр тасралтгүй шинэ ААН-үүд бүртгүүлж байдаг ч тэдгээрийн ихэнх нь Х тайлан гаргаж явдаг. Бодит байдал дээр үйл ажиллагаа явуулж, ашиг олж байх нь ч бий. Эдгээр байгууллагуудыг хариуцлагажуулах чиглэлд татварын байгууллага цаашид хэрхэн анхаарч ажиллах вэ?

-Х тайлантай аж ахуйн нэгжийн тоо жил ирэх бүр нэмэгдэж байгаа нь үнэн. Үүнийг багасгахын тулд хуулийн төсөл  боловсруулахдаа жилийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төлбөрийг аж ахуйн нэгжүүдээс жил бүр авдаг байхаар тусгасан. Улирал бүр 60 мянган төгрөг авах саналыг гаргасан юм. Гэвч УИХ-аар хуулийг хэлэлцүүлэх явцад энэ дүнг багасгасан. Одоогийн хуульд аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 10 хувиар тооцож авч байгааг  ирэх оноос нэг хувь болгох гэж байна. Энэ нь Х тайлантай аж ахуйн нэгжийг тоог бууруулах үндсэн зорилготой. Бага татвар төлдөг болсноор иргэд, аж ахуйн нэгжүүд орлогоо үнэн зөвөөр мэдээлдэг болно гэж харж байгаа.

- 264 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХҮНДРЭЛТЭЙ ӨР БИЙ


-Татварын багц хуулийн өөрчлөлтөөр татварын байцаагч шууд шийтгэлийн акт бичдэг болсон. Энэ нь хэр зохистой хэлбэр бэ?

-Татварын байцаагч нөхөн ногдуулалтын акт гэж тогтоодог байсан. Энэ нь татвар төлөгч, татварын байцаагч хоёрын хооронд хяналт шалгалтын үр дүнд тогтоодог акт, дүгнэлт гэсэн үг. Зөрчлийн хуулийг хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотойгоор татварын байцаагчийн гаргадаг акт нь шийтгэлийн акт нэртэй болсон. Ингэснээр аж ахуйн нэгжийг шалгаж тогтоосон актын дүгнэлтийг прокурорт хүргүүлнэ. Прокурор түүнийг нь хянаж баталгаажуулдаг системтэй болж байгаа юм. Түүнчлэн татвар бүрдүүлэх нь нийтийн эрх ашигтай холбоотой ойлголт гэдгийг тодотгомоор байна. Татвараас бүрдүүлсэн орлогыг нийтийн эрх ашигт зарцуулдаг учраас ингэж хэлж байгаа юм.

Монгол Улсын нийт иргэнд хамаатай ойлголт учраас хүн бүрийн асуудал гэж хүлээж авах хэрэгтэй. Олон улсын практикаас харахад татвараас бүрдүүлсэн орлого бүх орлогын эхэнд эрэмбэлэгддэг. Жишээлбэл, аливаа аж ахуйн нэгж дампуурлаа гэхэд хамгийн түрүүнд татварын орлогыг нь цуглуулж авдаг байх жишээтэй. Энэ тухайд Япон улс хамгийн өндөр хэмжээнд ажилладаг. Гэтэл манай улсад татварын орлого бүрдүүлэлт өндөр хувьтай байж чаддаггүй хэвээр байна. Тиймээс биш шинэ хуулийн хүрээнд олон улсын жишигт ойртож ажиллахаар бэлтгэж байгаа юм.

-Татварын байцаагч эрх нэмэгдүүлсэн байдлаар яг ямар тохиолдолд ашиглах юм?

-Татварын байцаагчийн эрх нэмэгдсэн гэх яриа өртэй холбоотой. Өөрөөр хэлбэл,  сайн дураараа орлогоо мэдүүлээд, тайлангаа өгчихдөг атлаа өрөө төлдөггүй байгууллага олон бий. Гэтэл энэ  өр  нь хуримтлагдсаар хүндрэлтэй нөхцөл рүү шилжчихдэг. Жишээлбэл, одоогоор 264 орчим тэрбум төгрөгийн хүндрэлтэй өр үүсчхээд байна. Эдгээрийн талаас илүү хувь нь гадаадын иргэнтэй холбоотой. Гадны иргэдийн хувьд манай улсад бизнес эрхэлж байгаад орлогоо ногдол хэлбэрээр мэдүүлчхээд өрөө төлөхгүй оргон зугтдаг жишээ олон. Тэгэхээр энэ мэт  хүндрэлтэй өрийн асуудлыг шийдэхийн тулд татварын байцаагчдын эрхийг нэмэгдүүлсэн гэж  ойлгож болно. 

Энэ мэт өртэй этгээдүүд өөртөө хөрөнгө, орлогогүй болон орлого нь 20 саяас дээш нөхцөлд, гадаадын иргэнийг хилээр гарах эрхийг нь хаах саналтай байгаа юм. Харин дотоодын аж ахуйн нэгжүүдийн хувьд өрөө төлөх хэмжээний хөрөнгө, орлоготой атлаа төлдөггүй. Тэгсэн мөртлөө байгаа хөрөнгөө өөр хүмүүс рүү шилжүүлээд байдаг. Өрийг нь төлүүлэх гэхээр “Би хоосон хүн” гээд сууж суучихдаг. Ийм нөхцөлд өрөө төлөлгүй хөрөнгөө шилжүүлсэн учраас хоёрдогч этгээдээр татварын өрийг  нь төлүүлэх заалтыг хуульд оруулсан юм.

ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВД БИЗНЕС ЭРХЭЛЖ БУЙ ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖИЙГ ӨӨРСДИЙН  QR КОДТОЙ БОЛГОНО

-Томоохон зах, худалдааны төвүүд И баримт олгодоггүй. Үүнийг хэдийд нэг мөр жигдлэх вэ?

-Бидний зүгээс И баримтын буцаан олголтыг нэмэгдүүлэх чиглэлд ихээхэн анхаарч ажиллаж байна. Тэр дундаа таны хэлсэнчлэн томоохон зах, худалдааны төвүүдийг И баримт олгодог болгохын тулд  тодорхой ажил хийж  байна. Тухайлбал, зах, худалдааны төвийн худалдагч нар иргэдэд баримт олгох процессыг эхлээд хялбар болгох нь  зүйтэй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчдийн систем нийлүүлэгчдийн холбоо гэж байдаг. Үүнд “Пос”-ын систем буюу И баримт олголтыг бичдэг компаниудын холбоотой хамтраад баримт олгох процессыг хялбарчлах талаар хэд хэдэн ажлыг хийж хэрэгжүүлж байна.

Ингэснээр тун удахгүй зах, худалдааны төвд бизнес эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжийг өөрсдийн QR кодтой болгоно. Хялбар бүртгэлийн системийг нэвтрүүлнэ. Үүний үр дүнд тодорхой ахиц дэвшил гарна гэж тооцож байна. Нөгөө талаас үйлчлүүлж буй иргэд маань өөрсдөө шаардлага тавьж ажиллах хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, тухайн аж ахуйн нэгжүүдийг И баримтыг олгож хэвшүүлэхийн тулд төрөөс эрх зүйн  орчныг  нь бүрдүүлэхээс гадна иргэд маань өөрсдөө сайн шахаж ажиллах хэрэгтэй байгаа юм. Ингэж тал талын оролцоотой ажилласнаар тодорхой үр дүнд хүрнэ гэж харж байна.

-Иргэд хэзээнээс зах, худалдааны төвүүдээс И баримт өгөхийг шаардах  боломжтой вэ?

-Ямар ч байсан энэ ондоо багтаад томоохон зах, худалдааны төвүүдийг иргэдэд И баримт олгодог болохоор ажиллаж байна. Эхний ээлжид бид ирэх сардаа багтаад энэ тухайд боловсруулсан шинэ шийдлээ танилцуулна. Одоогийн байдлаар томоохон зах, худалдааны төвүүдэд ажиллаж байна. Ингэхдээ өөрсдийн гаргасан программаа зах, худалдааны төвийн худалдагчдад танилцуулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн. Цаашдаа Татварын хуулийн шинэчлэлийг мөрдөөд эхлэхээр иргэд бүртгүүлсэн баримт бүрийнхээ буцаан олголтыг шууд хардаг болно. Мөн дээр дурдсанчлан  бүртгүүлсэн И баримтаа заавал цаасан хэлбэрээр хадгалаад байлгүйгээр QR кодоор бүртгүүлдэг болох зэрэг шинэчлэл хийсээр байна.

-НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутамд олгох боломжтой гэж Сангийн яамнаас мэдэгдсэн.  Үүнийг хэзээнээс мөрдөх боломжтой вэ?

-Татварын багц хуулийг шинэчлэн баталсан. Үүний хүрээнд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутамд олгож байхаар болсон. Энэ  оны хувьд жилдээ нэг удаа олгоно. Ирэх оноос улирал тутамд олгохтой  холбоотой зохион байгуулалтын ажлыг хийж эхэлсэн. Программын шинэчлэлийн ажлыг ерөнхийд нь бэлэн болгосон гэж ойлгож болно.

-Өнөөдрийн байдлаар НӨАТ-ын хоёр хувийг иргэдэд олгож байна. Үүнийг нэмэгдүүлэх эдийн засгийн боломж бий юу?

-Дэлхийн 190 гаруй орны 160 гаруй нь НӨАТ-ын системийг хэрэглэдэг. Үлдсэн нь худалдааны татвартай. Аль аль нь хэрэглээний татвартай гэсэн үг. Манай улсын хувьд НӨАТ-ын буцаан олголт олгодог маш цөөхөн улсын нэг. Хоёр хувийг иргэдэд буцаан олгож буй нь цаанаа хоёр шалтгаантай юм. Нэгдүгээрт, НӨАТ-ын босго гэж бий. Тухайлбал, жилийн борлуулалтын орлого нь 50 сая төгрөгөөс дээш бол НӨАТ төлөгч болдог.

Аж ахуйн нэгжүүдийг НӨАТ төлөгч болохыг нь дэмжих, далд эдийн засгийг ил болгох үүднээс иргэдийг оролцуулж байгаа юм. Энэ үүднээс иргэд бараа,  үйлчилгээ худалдаж авах бүртээ И баримт  авснаар тухайн газрын орлого бүртгэлд орж байна гэсэн үг юм. Үүний дүнд эргээд бид иргэдийнхээ худалдан авалтын үнийн дүнгийн хоёр хувийг буцаан олгодог. Манай улс хамгийн бага НӨАТ-ын хуультай улсын нэг. Харин буцаан олголтын хувь хэмжээг нэмэх эсэх нь татварын бодлогын асуудал. Өөрөөр хэлбэл, Засгийн газар, УИХ-ын хэмжээнд ярьж байж шийдэлд хүрэх асуудал. Бидний зүгээс баталсан хууль тогтоомжийнхоо хүрээнд үйл ажиллагаа явуулж байна.

Г.ИТГЭЛ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ А.МАНДУУЛ

Эхсурвалж: http://eguur.mn 

:)