Татварын Ерөнхий Газар

Татварын хялбаршуулсан горим ашиглах татвар төлөгчийн хүсэлтийг бүртгэх, шийдвэрлэх, бүртгэлээс хасах журам.

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Энэ журмын зорилго нь татварын алба, татвар төлөгч Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлд заасан татварын хялбаршуулсан горим /цаашид “хялбаршуулсан горим”/-ыг ашиглах үйл ажиллагааг зохицуулахад оршино.

1.2.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 29 дүгээр зүйл, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 15.6-д заасан хялбаршуулсан горим ашиглах татвар төлөгчийн хүсэлтийг бүртгэх, шийдвэрлэх, бүртгэлээс хасахтай холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.

1.3.Хялбаршуулсан горим ашиглах татвар төлөгч нь Татварын ерөнхий хуулийн 11.2-т заасны дагуу татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан /цаашид “ТБМНС” гэх/-д холбогдсон байна.

1.4.Татварын ерөнхий хуулийн 11.3-т заасны дагуу хялбаршуулсан горимыг зөвхөн татварын жилээр тооцох бөгөөд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 29.6, 29.7-д зааснаас бусад тохиолдолд тухайн татварын жилийн дундуур уг горимоос гарахгүй.

Хоёр. Татварын хялбаршуулсан горим ашиглах татвар төлөгчийн хүсэлтийг бүртгэх, шийдвэрлэх

2.1.Албан татвар төлөгч хялбаршуулсан горим ашиглах хүсэлтийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 29.1-д зааснаар тухайн татварын жилийн 3 дугаар улиралд, хувь хүн тухайн татварын жилд багтаан “Татварын хялбаршуулсан горим ашиглах хүсэлт”-ийн маягтаар харьяалах татварын албанд хүргүүлнэ.

2.2.Татварын алба нь энэ журмын 2.1-д заасан хүсэлтийг бүртгэхдээ ажлын 10 хоногт багтаан дараах шаардлага хангасан эсэхийг хянана:

2.2.1.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 29.1, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 15.6-д заасан өмнөх жилийн тайлангаар баталгаажсан борлуулалтын нийт орлогын хэмжээ 50.0 сая төгрөгөөс бага;

2.2.2.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 29.3.2-т зааснаас бусад үйл ажиллагаа эрхэлдэг;

2.2.3.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 29.3.1, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 15.7-д заасан нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгэгдээгүй;

2.2.4.энэ журмын 1.3-т заасны дагуу бүртгэгдсэн.

2.3.Энэ журмын 2.2-т заасан шаардлагыг хангасан тохиолдолд татвар төлөгчийн харьяалах татварын албаны татвар төлөгчтэй харилцах нэгж татвар төлөгчийн хүсэлтийг бүртгэх асуудлыг шийдвэрлэж тухайн татвар төлөгчид мэдэгдэнэ.

2.4.Татварын алба хялбаршуулсан горим ашиглах татвар төлөгчийн хүсэлтийг шийдвэрлэсэн тохиолдолд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

2.4.1.татвар төлөгчийн хүсэлтийг бүртгэж, шийдвэрлэсэн тохиолдолд нэгдсэн дугаараар ТБМНС-д бүртгэнэ;

2.4.2.“Татварын хялбаршуулсан горим ашиглах татвар төлөгчөөр бүртгэх шийдвэрийн хуудас”-ыг баталгаажуулна;

2.4.3.албан татвар төлөгчийн гэрчилгээнд “ХГ” хялбаршуулсан горим гэсэн тэмдэглэгээ хийх;

2.4.4.ТБМНС-д татвар төлөгчийн тухайн татварын төрлийн бүртгэлд хялбаршуулсан горимыг бүртгэх.

2.5.Албан татвар төлөгч нь дараа оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн татварын хялбаршуулсан горим ашиглана.

2.6.Татварын алба татвар төлөгчийн хүсэлтийг хянаж, энэ журмын 2.2-т заасан шаардлага хангаагүй бол энэ тухай албан татвар төлөгчид мэдэгдэнэ.

Гурав. Татварын хялбаршуулсан горимоос хасах

3.1.Хялбаршуулсан горим ашиглаж байгаа албан татвар төлөгч дараах нөхцөл үүссэн тохиолдолд хялбаршуулсан горимоос хасагдах хүсэлтээ “Татварын хялбаршуулсан горимоос хасагдах хүсэлт”-ийн маягтаар харьяалах татварын албанд ирүүлнэ:

3.1.1.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 29.3.2-т заасан үйл ажиллагаа эрхэлж эхэлсэн өдрөөс;

3.1.2.Нэмэгдсэн өртгийн албан албан татварын тухай хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу нэмэгдсэн өртгийн албан татварын суутган төлөгч болсон өдрөөс;

3.1.3.татвар төлөгч өөрөө хүсэлт гаргасан.

3.2.Энэ журмын 3.1.1, 3.1.2-т заасан хүсэлтээ ирүүлээгүй тохиолдолд татварын алба тухайн албан татвар төлөгчийг хялбаршуулсан горимоос хасна.

3.3.Хялбаршуулсан горимоос хасагдах албан татвар төлөгчийн хүсэлтийг татварын алба хүлээн авч, ажлын 10 өдрийн дотор шийдвэрлэж, татвар төлөгчид мэдэгдэнэ.

3.4.Энэ журмын 3.1.3-т заасны дагуу хүсэлт гаргасан бол албан татвар төлөгч нь дараа оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хялбаршуулсан горимоос хасагдана.

3.5.Хялбаршуулсан горимоос хасагдах албан татвар төлөгчийн хүсэлтийг харьяалах татварын албаны татвар төлөгчтэй харилцах нэгжийн татварын улсын /ахлах/ байцаагч хянаж, “Татварын хялбаршуулсан горимын бүртгэлээс хасах шийдвэрийн хуудас”-ыг баталгаажуулан ТБМНС-д бүртгэнэ.


:)