Татварын Ерөнхий Газар

Олон улсын зорчигч болон ачаа тээвэрлэлтийн үйлчилгээтэй холбогдох харилцаанд НӨАТ-ын тухай хууль хэрэгжүүлэх зөвлөмж.

ТАТВАРЫН ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗӨВЛӨМЖ 

2021 оны 01 сарын 04-ний өдөр                                                                                           Дугаар: 01                                                                       Улаанбаатар хот

НЭГ. ЗӨВЛӨМЖТЭЙ ХОЛБОГДОХ ХУУЛЬ ТОГТООМЖИЙН НЭР, БАТЛАГДСАН ОГНОО, ЗҮЙЛ, ХЭСЭГ, ЗААЛТ, ДЭД ЗААЛТЫН ДУГААР:

1.1. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2016 оны/-ийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 11 дүгээр зүйлийн 11.2, 12 дугаар зүйлийн 12.1.2, 12.4 дэх хэсэг;

1.2. Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн тогтоол, 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр, дугаар 35, 36;

1.3. Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол, 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр, 350 дугаар;

1.4. Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол, 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр, 386 дугаар;

1.5. Татварын ерөнхий хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.2 дахь заалт. 

ХОЁР. СУДАЛГАА, САНАЛ ДҮГНЭЛТ:

2.1.Үүссэн нөхцөл байдал

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Нүүрс тээвэрлэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай”  320 дугаар тогтоолын:

1 дүгээр зүйлд “Нүүрсний тээвэрлэлтэд үүссэн хүндрэлтэй нөхцөл байдлыг арилгах зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар нарт даалгасугай: 

1.1.“Гашуун Сухайт-Ганц модны хилийн боомтын нэвтрүүлэх чадвар нэмэгдэх хүртэлх түр хугацаанд нүүрсний тээвэрлэлтийг Таван толгойн нүүрсний ордоос Цагаан хадны гаалийн хяналтын бүс хүртэл, Цагаан хадны гаалийн хяналтын бүсээс Гашуун сухайт боомт хүртэл чиглэлээр тус тус зохион байгуулах”;  

1.2.“Хилийн боомтоор нэвтэрч байгаа тээврийн хэрэгслийн тоотой уялдуулан нүүрсний ачилт, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд зохицуулалт хийж ажиллах ...” гэж тус тус заасныг хэрэгжүүлэхэд татварын харилцаанд үүссэн нэр бүхий татвар төлөгчдөөс Маргаан таслах зөвлөл болон Захиргааны хэргийн шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргасныг Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн хяналтын шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн тул Татварын албаны санаачлагаар Татварын ерөнхий хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.2-т заасан маргаан таслах зөвлөл, шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн асуудлыг улсын хэмжээнд нэг мөр хэрэгжүүлэх зорилгоор энэхүү зөвлөмжийг гаргах шаардлага үүссэн.

2.2.Холбогдох тооцоо, судалгаа

Татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн сангийн мэдээгээр Монгол Улс-БНХАУ хооронд байнгын ачаа тээвэрлэлт гүйцэтгүүлэх “С” зөвшөөрөл бүхий 266 аж ахуйн нэгж 15,218 автомашинаар ачаа тээврийн үйл ажиллагаа эрхэлж байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын  2019 оны тайланд 122 татвар төлөгч нь 2,169.6 тэрбум төгрөгийн орлогод “0” хувиар, 10 татвар төлөгч 2.5 тэрбум төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх орлого, 167 татвар төлөгч нь 373.5 тэрбум төгрөгийн орлогод 37.3 тэрбум төгрөгийн татвар ногдуулж, мөн 2020 оны тайланд 144 татвар төлөгч 1,026.8 тэрбум төгрөгийн орлогод “0” хувиар,  12 татвар төлөгч 5.0 тэрбум төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх орлого, 186 татвар төлөгч нь 514.9 тэрбум төгрөгийн орлогод 51.5 тэрбум төгрөгийн татвар ногдуулан тус тус тайлагнасан байна.

Олон улсын ачаа тээврийн үйлчилгээ эрхэлдэг 10 татвар төлөгч 2020 онд 2.5 тэрбум төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг буцаан авах хүсэлтийг ирүүлсэн байна. Хүсэлтийн дагуу Том татвар төлөгчийн газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажуулах хэлтсээс нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажуулах хяналт шалгалт хийж тайлагнасан илүү төлөлтийг нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр 1.4 тэрбум төгрөгөөр  бууруулсан байна.

2.3.Хууль эрх зүйн орчин, дүгнэлт

2.3.1.Олон улсын тээврийн үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээдийн хувьд: 

2.3.1.1.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т Монгол Улсаас экспортод гаргасан бүх төрлийн ... ажил, үйлчилгээнд албан татвар ногдохоор байна. 

2.3.1.2.Мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Энэ хуулийн 7.1.3-т заасан ... ажил, үйлчилгээнд ногдуулах албан татварын хувь тэг /“0”/-тэй тэнцүү байна.

2.3.1.3.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Экспортод гаргасан дараах ... ажил, үйлчилгээнд энэ хуулийн 11.2-т заасан хувиар албан татвар ногдуулна: 12.1.2.Монгол Улсын Олон улсын гэрээнд заасны дагуу Монгол Улсаас гадаад улсад, гадаад улсаас Монгол Улс хүртэл, түүнчлэн гадаад  улсаас Монгол Улсын хилээр дамжуулан бусад улсад гаргасан олон улсын зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ”-ний орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар “0” хувиар ногдох зохицуулалттай байна. 

Олон Улсын гэрээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “Монгол Улсын олон улсын гэрээ” гэж Монгол Улс, Монгол Улсын Засгийн газраас гадаадын нэг болон хэд хэдэн улс, тэдгээрийн Засгийн газар, эсхүл олон улсын байгууллагатай тодорхой асуудлаар харилцан эдлэх эрх, хүлээх үүргийг тодорхойлон тогтоосон, олон улсын эрх зүйгээр зохицуулагдах, түүний төрөл, нэрнээс үл хамааран хоёр болон олон талын бичгээр үйлдсэн нэг, эсхүл өөр хоорондоо холбоотой хоёр болон хэд хэдэн баримт бичигт агуулагдаж байгаа олон улсын тохиролцоог” гэж,  

Монгол Улсын 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн “Азийн авто замын сүлжээний тухай засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай” хуулийн 1 дүгээр зүйлийн энэхүү хэлэлцээрийн зорилгоор: ““Олон Улсын авто тээвэрлэлт” гэж дор хаяж нэг талын улсын хилээр нэвтэрсэн эсхүл/ буюу тухайн улсын нутаг дэвсгэрээр өнгөрч буй тээврийн хэрэгслээр хийж байгаа зорчигч болон ачаа тээврийг хэлнэ” гэж, мөн хэлэлцээрийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Аль нэг Талыг нутаг дэвсгэрт бүртгэлтэй тээвэрлэгчийг нөгөө Талын нутаг дэвсгэрт эхлэх болон дуусах цэгийн хооронд зорчигч болон ачаа тээвэрлэхийг зөвшөөрөхгүй“ тус тус хуульчилсан байна.  

Мөн “Олон Улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх зөвшөөрөл”-ийн талаар талууд тохиролцохдоо ... зөвшөөрлийг нэг улсын нутаг дэвсгэрт эхлэх болон дуусах цэгийн хооронд авто тээвэрлэлт гүйцэтгэхэд ашиглахгүй гэж заасан байна. 

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т заасан “Монгол Улсын Олон улсын гэрээнд заасны дагуу Монгол Улсаас гадаад улсад, гадаад улсаас Монгол Улс хүртэл, түүнчлэн гадаад  улсаас Монгол Улсын хилээр дамжуулан бусад улсад гаргасан олон улсын зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ” гэдэгт  дор хаяж нэг улсын хилээр нэвтэрсэн тээврийн үйлчилгээг ойлгох бөгөөд нэг улсын буюу Монгол Улсын нутаг дэвсгэрт эхлэх болон дуусах цэгийн хооронд хийгдсэн тээвэрлэлтийг “Олон Улсын авто тээвэрлэлт” гэж үзэхээргүй байна.

2.3.1.4.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт  “Олон улсын зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээг эрхлэхтэй холбогдуулан Монгол Улсын хилийн дотор салгаж хийсэн тээвэрлэлтэд энэ хуулийн 12.1.2 дахь заалт хамаарахгүй” гэж заасан. 

Дээрх дурдсан хуулийн үндэслэлээр Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан нэмэгдсэн өртгийн албан татварын тэг /0/ хувь хэрэглэх үйлчилгээний үндсэн шалгуур, нөхцөл нь тухайн үйлчилгээг “экспортод гаргасан” байхаар хуульчилсан. Аливаа бараа, ажил, үйлчилгээ нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр борлуулагдсан, хийж гүйцэтгэсэн тохиолдолд тэдгээрийг “экспортод гаргасан” гэж үзэхээргүй байна. 

2.3.1.5.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх хэсэгт “Монгол Улсад оршин суугч бус этгээдэд үзүүлсэн үйлчилгээ /түүний дотор албан татвараас чөлөөлсөн үйлчилгээг оролцуулан/” гэж заасан. 


Тээврийн үйлчилгээг оршин суугч бус этгээдэд үзүүлсэн үйлчилгээ байх боловч бүхэлдээ 12 дугаар зүйлийн экспортод гаргасан бараа, ажил, үйлчилгээний тухайд хэрэглэх тул тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлэгч компани нь гэрээний дагуу Монгол Улсын нутаг дэвсгэр дээр “эхлэх цэгээс дуусах цэг” хүртэл үзүүлсэн үйлчилгээний хувьд экспортод гаргасан гэж үзэхгүй тул нэмэгдсэн өртгийн албан татварын “0” хувь хэрэглэхээргүй байна.

Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 35 дугаар тогтоолд “... Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна: 7.1.3. Монгол Улсаас экспортод гаргасан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ”, 11 дүгээр зүйлийн 11.2-т “Энэ хуулийн 7.1.3-т заасан бараа, ажил, үйлчилгээнд ногдуулах албан татварын хувь тэг /"0"/-тэй тэнцүү байна”, 12 дугаар зүйлийн 12.1-д “Экспортод гаргасан дараах бараа, ажил, үйлчилгээнд энэ хуулийн 11.2-т заасан хувиар албан татвар ногдуулна: 12.1.2-т “Монгол Улсын Олон улсын гэрээнд заасны дагуу Монгол Улсаас гадаад улсад, гадаад улсаас Монгол Улс хүртэл, түүнчлэн гадаад улсаас Монгол Улсын хилээр дамжуулан бусад улсад гаргасан олон улсын зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ” гэж зохицуулсан заалтыг хэрэглэх нөхцөл нь Монгол улсын хилээр дамжуулан гаргасан ачаа тээврийн үйлчилгээнд хамаарахаар байна.

Олон улсын ачаа тээврийн үйлчилгээ нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т заасан “Монгол Улсад оршин суугч бус этгээдэд үзүүлсэн үйлчилгээ”/түүний дотор албан татвараас чөлөөлсөн үйлчилгээг оролцуулан/ гэж заасан “0” хувь хэмжээг хэрэглэхгүй, харин тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан татварын хуулийн зүйл, хэсэг, заалт давуу үйлчилнэ гэсэн зарчмын дагуу Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-д “Монгол Улсын Олон улсын гэрээнд заасны дагуу Монгол Улсаас гадаад улсад, гадаад улсаас Монгол Улс хүртэл, түүнчлэн гадаад улсаас Монгол Улсын хилээр дамжуулан бусад улсад гаргасан олон улсын зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ”, 12.4-т “Олон улсын зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээг эрхлэхтэй холбогдуулан Монгол Улсын хилийн дотор салгаж хийсэн тээвэрлэлтэд энэ хуулийн 12.1.2 дахь заалт хамаарахгүй” гэх заалтад хамаарч байна. 

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Хувь хүн, хуулийн этгээдийн Монгол Улсад импортоор оруулсан, эсхүл Монгол Улсаас экспортод гаргасан болон Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулахад энэ хууль үйлчилнэ”, 4 дүгээр зүйлийн 4.1.4-д "үйлчилгээ" гэж бараа борлуулах, ажил гүйцэтгэхээс бусад аливаа үйл ажиллагааг хэлнэ”, 7 дугаар зүйлийн 7.1.1-т “... Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ… /-нд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах/-аар, 8 дугаар зүйлийн 8.1.1-д “... бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулсан, экспортод гаргасан, түүнчлэн борлуулсан бол тухай бүрд; /нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах/”-аар тус тус зааснаас үзэхэд “хилийн дотор нүүрс тээвэрлэсэн” буюу уурхайн амнаас ачилт хийж, хилийн наана буулгасан тээвэрлэлтийн үйлчилгээнд мөн хуулийн дагуу 10 хувиар нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахаар байна” гэжээ

Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн хяналтын шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 350 дугаар тогтоолд “... Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн 1 дүгээр зүйлд “олон улсын ачаа тээвэрлэлт гэж дор хаяж нэг талын улсын хилээр нэвтэрсэн, эсхүл/ буюу тухайн улсын нутаг дэвсгэрээр өнгөрч буй тээврийн хэрэгслээр хийж байгаа зорчигч болон ачаа тээврийг /ойлгох/”-оор, 4 дүгээр зүйлийн 4-т “... /энэхүү хэлэлцээрээр/ аль нэг улсын нутаг дэвсгэрт бүртгэлтэй тээвэрлэгчийг нөгөө талын нутаг дэвсгэрт эхлэх болон дуусах цэгийн хооронд зорчигч болон ачаа тээвэрлэхийг зөвшөөрөхгүй” гэж, хэлэлцээрийн 2 дугаар хавсралтаар “Олон Улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх зөвшөөрөл”-ийн талаар талууд тохиролцохдоо ... зөвшөөрлийг нэг улсын нутаг дэвсгэрт эхлэх болон дуусах цэгийн хооронд авто тээвэрлэлт гүйцэтгэхэд ашиглахгүй” гэж тус тус зааснаас үзэхэд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т заасан  “Монгол Улсын Олон улсын гэрээнд заасны дагуу Монгол Улсаас гадаад улсад, гадаад улсаас Монгол Улс хүртэл, түүнчлэн гадаад  улсаас Монгол Улсын хилээр дамжуулан бусад улсад гаргасан олон улсын зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ” гэдэгт  “дор хаяж нэг улсын хилээр нэвтэрсэн” тээвэрлэлтийн үйлчилгээг ойлгох бөгөөд нэг улсын нутаг дэвсгэрт эхлэх болон дуусах цэгийн хооронд хийгдсэн тээвэрлэлтийг “олон улсын авто тээвэрлэлт” гэж үзэх үндэслэлгүй, татварын хууль тогтоомжийг төсөөтэй хэрэглэхгүй, үгийн шууд утгаар тайлбарлаж хэрэглэх тул Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь Тавантолгойн нүүрсний ордоос мөн аймгийн Ханбогд сумын нутаг дахь “Цагаан хад” гэх газарт байрлах гаалийн хяналтын бүс хооронд хийгдсэн “А” компанийн тээвэрлэлтийн үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татварын “0” хувь хэрэглэх Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2 дахь заалт хамааралгүй, энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй байна ...” гэжээ 

Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн хяналтын шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 386 дугаар тогтоолд “... Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т зарим бараа, ажил, үйлчилгээнд ногдуулах албан татварын хувь хэмжээ ““0” хувь хэрэглэх” бараа, ажил үйлчилгээг нэрлэн заахдаа тухайн бараа, ажил, үйлчилгээг “экспортод гаргасан” байх суурь нөхцөлийг хуульчилсан, тухайн тохиолдолд Өмнөговь аймаг дахь Тавантолгойн нүүрсний ордоос мөн аймгийн нутаг дэвсгэрт буюу “Цагаан хад” гэх газарт нүүрс тээвэрлэн хүргэсэн “А” ХХК-ийн хувьд бусад этгээдэд үзүүлсэн үйлчилгээг “экспортод гаргасан үйлчилгээ” гэж үзэх үндэслэлгүй, уг тээвэрлэлтийн гэрээг оршин суугч бус этгээдтэй байгуулсан нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хийгдсэн тээвэрлэлтийг “экспортод гаргасан” гэж үзэх үндэслэл болохгүй. 

Өөрөөр хэлбэл, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т заасан “Монгол Улсад оршин суугч бус этгээдэд үзүүлсэн үйлчилгээ” нь “экспортод гаргасан байх” нөхцөлийг хангасны үндсэн дээр уг хуулийн “албан татварын “0” хувь хэрэглэх” зохицуулалтад хамаарна, нэхэмжлэгчийн “... гадаад улсад бүртгэлтэй буюу “оршин суугч бус” этгээд болох компанид үйлчилгээ үзүүлж орлого олсон ... нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12.1.4-т заасан “Монгол Улсад оршин суугч бус этгээдэд үзүүлсэн үйлчилгээнээс олсон орлогод ... “0” хувь хэмжээ хэрэглэх” зохицуулалтад хамаарна” гэх тайлбар үндэслэлгүй ...” гэжээ.

ГУРАВ.ЗӨВЛӨМЖ БОЛГОХ НЬ:

3.1.Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т зааснаар Энэ хуулиар зохицуулаагүй, эсхүл энэ хуульд зааснаас өөрөөр татварын бусад хуульд заасан бол тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан татварын хуулийн зүйл, хэсэг, заалт давуу үйлчлэх хуулийн зохицуулалттай. 

Иймд олон улсын зорчигч болон ачаа тээвэрлэлтийн үйлчилгээтэй холбогдох харилцаанд  Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 12.4 дэх хэсэг давуу үйлчлэхээр байна. Өөрөөр хэлбэл экспортод гаргасан олон улсын зорчигч болон ачаа тээвэрлэлтийн үйлчилгээтэй холбогдох харилцааг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 12.4 зүйл хэсэгт зааснаар хэрэгжүүлнэ.

3.2. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт  “Олон улсын зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээг эрхлэхтэй холбогдуулан Монгол Улсын хилийн дотор салгаж хийсэн тээвэрлэлтэд энэ хуулийн 12.1.2 дахь заалт хамаарахгүй” гэж заасны дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт “эхлэх цэгээс дуусах цэг” хүртэл хийсэн тээврийн үйлчилгээнд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлд 7.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна: 7.1.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ”-ний орлогод мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Энэ хуулийн 7.1.1, 7.1.2-т заасан бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд 10 хувиар ногдуулна” гэж заасны дагуу 10 хувиар албан татвар ногдуулна. 

Татварын ерөнхий газрын дарга нь Татварын ерөнхий хуулийн 77 дугаар зүйлийн 77.7.3-т заасан "зөвлөмж гаргах" эрхтэй бөгөөд мөн хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д "...зөвлөмжийг татварын алба үйл ажиллагаандаа заавал дагаж мөрдөх"-өөр заасан тул Татварын маргаан таслах зөвлөл болон Улсын дээд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн асуудлаар гарч буй энэхүү зөвлөмжийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг мэдэгдье.


                                                                                                         ДАРГА                         Б.ЗАЯАБАЛ


:)