Татварын цахим тайлан өгөх хэсэгт дараахь өөрчлөлтийг оруулав

Нэмэгдсэн өртгийн албан татварын падааны ашиглалтанд тавих хяналтыг сайжруулах, татвар төлөгч тухайн тайлант хугацаанд хамаарах падаанаа бүрэн шивж, татварын албанд илгээх ажиллагаанд дэвшил гаргах, боловсронгуй болгох зорилгоор Цахим тайлангийн системийн Нэмэгдсэн өртгийн албан татварын цахим тайлан өгөх хэсэгт дараахь өөрчлөлтийг 2011 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж байна.
Үүнд:
              Цахим тайлангийн системийн Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан шивэх хэсэг НӨАТ-ын тайлан өгөх хугацаанд буюу сар бүрийн 10-ны өдрийн 24:00 цаг хүртэлх хугацаанд нээлттэй байх бөгөөд энэ хугацаанаас хойш хаагдана. Өөрөөр хэлбэл татвар төлөгч нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаа тайлан шивэх хугацаанд л шивж, илгээх боломжтой.
    Цахим тайлангийн системд тайлан шивэхэд борлуулалтын орлогын дүн болон дотоодын зах зээлээс худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ түүнд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг татвар төлөгчийн шивж, илгээсэн борлуулалтын болон худалдан авалтын падааны нийт дүнтэй тулган хүлээн авахаар өөрчилсөн. Өөрөөр хэлбэл тухайн сард борлуулалт, худалдан авалттай татвар төлөгчийн хувьд НӨАТ-ын падааны дүн зөв тохиолдолд тайлан нь татварын албаны систем рүү илгээгдэнэ. Татвар төлөгч падаанаа шивж илгээгээгүй тохиолдолд тайлан баталгаажихгүй.
    Цахим тайлангийн систем нь татвар төлөгчийн шивсэн падааныг татварын албанаас тухайн татвар төлөгчид хуваарилаж олгосон эсэхийг шалгана. Татвар төлөгч татварын албанаас олгоогүй падааныг шивсэн тохиолдолд систем хүлээж авахгүй. Иймд татвар төлөгчид татварын албанаас хүлээн авсан падаанаа харъяалагдах татварын хэлтэс дээр очиж, тулгалт хийж бүртгүүлнэ.
    Татвар төлөгч өмнөх саруудын шивэгдээгүй падааныг 2011 оны 12 сар хүртэл шивж татварын албанд илгээнэ.