"Нийгмийн хариуцлагаа ухамсарлан, татвараа төлсөн танд баярлалаа" : Үндэсний Татварын Алба

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн маягт нөхөх заавар

1. Татвар төлөгч аж ахуйн нэгжүүд  нягтлан бодох бүртгэлээ Олон улсын стандартын дагуу үнэн зөв хөтлөн,  энэхүү тайлангийн маягтаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуульд /цаашид хуульд гэх/ заасан хугацаанд татварын албанд тайлагнах үүрэгтэй. Татварын тайлан гаргахдаа Татварын ерөнхий газрын даргын 2010 оны 8 сарын 02-ны өдрийн 379 дүгээр тушаалаар батлагдсан  “Татварын тайлан гаргах, татварын албанд тайлан хүлээн авах журам ”-ыг баримтална.
2. Нийт орлогын дүн (мөр 1) нь татвараас чөлөөлөгдөх орлогын дүн (мөр 2), тусгай хувь хэмжээгээр татвар ногдуулсан орлого (мөр 3), бусдад татвар суутгуулсан орлого (мөр 4), бусад орлогын дүн (мөр 5), нийтлэг хувь хэмжээгээр татвар ногдох орлого (мөр 6)-ын нийлбэрээр тодорхойлогдоно.
3. Татвараас чөлөөлөгдөх орлогын дүн (мөр 2)-д Татварын ерөнхий газрын даргын 2009 оны 11 сарын 25-ны өдрийн 531 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх заавар”-ын хавсралт ТТ-02б тооцооны маягтын А хэсгийн дүнг тусгана. Татвараас чөлөөлөгдөх орлого олохтой холбоотой зардлууд нь татвар ногдох орлогоос хасагдах зардалд орж тооцогдохгүй бөгөөд Сангийн сайдын 2010 оны 121 дүгээр тушаалаар батлагдсан “Санхүүгийн болон орлогын албан татварын тайлангийн үзүүлэлт хоорондын зөрүүг зохицуулах тайлан”-гийн “Байнгын зөрүү” хэсгийн “Татвар ногдуулах орлого буюу татварын өмнөх ашгийг нэмэгдүүлэх утга” гэсэн хэсэгт тусгагдана.     
4. “Тусгай хувь хэмжээгээр татвар ногдох орлогын дүн” (мөр 3) нь хуульд тусгай хувь хэмжээгээр татвар ногдуулахаар заасан орлогуудын дүнгээр тодорхойлогдох бөгөөд энэ орлогод тусгай хувь хэмжээгээр татвар ногдуулсан тул “нийтлэг хувь хэмжээгээр татвар ногдох” орлогод оруулахгүй боловч энэ дүн нь нийт борлуулалтын орлогын дүнд орж тооцогдоно. Энэ орлогыг олохтой холбоотой гарсан зардлууд нь татвар ногдох орлогоос хасагдах зардалд орж тооцогдохгүй бөгөөд Сангийн сайдын 2010 оны 121 дүгээр тушаалаар батлагдсан “Санхүүгийн болон орлогын албан татварын тайлангийн үзүүлэлт хоорондын зөрүүг зохицуулах тайлан”-гийн “Байнгын зөрүү” хэсгийн “Татвар ногдуулах орлого буюу татварын өмнөх ашгийг нэмэгдүүлэх утга” гэсэн хэсэгт тусгагдана.     
5. “Хуулийн дагуу бусдад татвар суутгуулсан орлого” (мөр 4) ААНОАТ-ын хуулинд тухайн орлогыг олгогч нь суутган тооцохоор заасан орлогуудын дүнгээр тодорхойлогдох бөгөөд энэ дүнгийн задаргаа нь суутгагчийн гаргасан “Суутгагчийн аж ахуйн нэгжид олгосон орлогоос суутгасан татварын тайлан ТТ-13”  маягтын дүнтэй тохирч байх ёстой.
6. “Бусад орлогын дүн” (мөр 5) Гадаад валютын ханшийн зөрүүгийн бодит бус орлого болон бусад орлогыг тусгана.
7. “Нийтлэг хувь хэмжээгээр албан татвар ногдох орлогын дүн” (мөр 6)-г тодорхойлохдоо хуульд заасан татвар ногдох орлогын 3 бүлгээс нийтлэг хувь хэмжээгээр татвар ногдуулахаар заасан үйл ажиллагааны, хөрөнгийн болон хөрөнгө борлуулсны орлогуудын дүн болох 7,18,21 дугаар мөрүүдийн дүнгүүдийг  нэмж тодорхойлно.
8. Тухайн ААН-ийн нийт зардлуудыг  үйлдвэрлэлийн болон үйл ажиллагааны зардлын үндсэн ангилалтай уялдуулан “Борлуулсан бүтээгдэхүүний өртөг”, “Удирдлагын болон борлуулалтын үйл ажиллагааны зардал”, “Үндсэн бус үйл ажиллагааны зардал” гэсэн 3 бүлэг  дүнгээр 23, 24, 25 дугаар мөрүүдэд  тусгана. Эдгээр дүнг “Санхүүгийн тайлан” (Орлого үр дүнгийн тайлан СТ-2)  болон өртгийн тайлангаас авч бөглөнө. Үндсэн бус үйл ажиллагааны ашиг нь орлогын дүнд орж тооцогдсон болохыг анхаарах хэрэгтэй.
9. Татварын өмнөх ашиг /+/, алдагдал /-/ -ын дүнг нийт орлогын дүнгээс санхүүгийн тайлангаар гарсан үйл ажиллагааны зардлууд болох “Борлуулсан бүтээгдэхүүний өртөг”, “Удирдлагын болон борлуулалтын үйл ажиллагааны зардал”, “Үндсэн бус үйл ажиллагааны зардал”-ын дүнг хасч тодорхойлно.
10. Тухайн аж ахуйн нэгжийн зарим төрлийн зардлуудыг татварын хуульд албан татвар ногдуулах орлогоос бүхэлд нь, эсвэл зарим хэсгийг нь хасахгүй байхаар хуульчилсан байдаг бөгөөд энэ зардлуудын нөлөөллийг Сангийн сайдын 2010 оны 121 дүгээр тушаалаар батлагдсан “Санхүүгийн болон орлогын албан татварын тайлангийн үзүүлэлт хоорондын зөрүүг зохицуулах тайлан”-гийн “Татвар ногдуулах орлого буюу татвар тооцохын өмнөх ашгийг нэмэгдүүлэх утга” гэсэн хэсэгт тусгана. Зөрүүгийн тайлангийн “байнгын” болон “түр зөрүү”-гийн дүн буюу А1, В3 мөрүүдийн нийлбэрээр ААНОАТ-ын тайлангийн маягтын 27 дугаар мөрөнд тусгана.    
11. Тухайн ААН-ийн бүртгэлийн бодлогоос хамаарч зарим зардлууд татварын хуульд зөвшөөрсөн хэмжээнээс дутуу тооцогдох, эсхүл зарим төрлийн ашиг тухайлбал, валютын ханшийн зөрүүгийн бодит бус ашгийг татвар ногдуулах орлогод оруулахгүй байх тохиолдол байдаг. Маягтын 28 дугаар мөрийн дүн нь “Санхүүгийн болон орлогын албан татварын тайлангийн үзүүлэлт хоорондын зөрүүг зохицуулах тайлан”-гийн түр зөрүүгээр зохицуулагдсан татвар ногдуулах орлогыг бууруулах дүн  буюу зөрүүгийн тайлангийн А2, В4 мөрүүдийн нийлбэрээр тодорхойлогдоно.
12. Татварын өмнөх ашиг, алдагдал (мөр 26)-ын дүн дээр 27-р мөрийн дүнг нэмж, 28-р мөрийн дүнг хассанаар Татвар ногдуулах орлогын дүн (мөр 29) тодорхойлогдоно.
13. Сайн дурын даатгалын хураамжийн хэтрэлт (мөр 30)-ийг “Санхүүгийн болон орлогын албан татварын тайлангийн үзүүлэлт хоорондын зөрүүг зохицуулах тайлан”-гийн 5.1 дэх мөрийн дүнгээр тодорхойлно.
14. Зохицуулагдсан татвар ногдуулах орлогын дүн буюу 31-р мөрөнд татвар ногдуулах орлогын дүн (мөр 29) дээр сайн дурын даатгалын хураамжийн хэтрэлт (мөр 30)-ийг нэмж тусгана.
15. Албан татвар ногдох орлогоос хасагдах нийт зардлын дүнг ААНОАТ-ын тайлангийн тодруулга /ТТ-02г/-ын 2-44 дүгээр мөрүүдэд заасан зардлуудыг нэмж тодорхойлно. Өөрөөр хэлбэл тухайн тайлангийн хугацаанд гарсан бүх зардлуудыг зориулалт, төрлөөр нь ангилж тусгана. (Зөвхөн баримтаар нотлогдох зардлын дүнг оруулан тооцно). Зарим төрлийн хязгаарлалт тогтоосон зардлуудын хувьд хуульд заасан хязгаарлалтын хүрээнд бичигдэнэ.
16. Өмнөх жилүүдийн татварын тайлангаар гарсан татварын албаар баталгаажуулсан алдагдлаас тайлант хугацаанд шилжүүлсэн дүн Татварын ерөнхий газрын даргын 2009 оны 11 сарын 25-ны өдрийн 531 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар гарсан алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцох заавар”-ын хавсралт ТТ-02в тооцооны маягтын А хэсгийн 3-р мөрийн дүнг тусгана. 
17. Нийтлэг хувь хэмжээгээр татвар ногдуулах орлогын дүн (мөр 33)-г Зохицуулагдсан татвар ногдуулах орлогын дүн (мөр 31)-гээс “Өмнөх жилийн татварын тайлангаар гарсан алдагдлаас тайлант хугацаанд шилжүүлсэн дүн” (мөр 32)-г хасч тодорхойлно.  Ногдуулсан татвар (мөр 34)-ын хэмжээг хуулийн 17-р зүйлийн 17.1-т заасан хувиар тооцож тодорхойлно.
18. Хөнгөлөгдөх татварын дүн (мөр 35)-д Татварын ерөнхий газрын даргын 2009 оны 11 сарын 25-ны өдрийн өдрийн 531 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх заавар”-ын хавсралт ТТ-02б тооцооны маягтын Б хэсгийн дүнг тусгана. Давхар татварын гэрээтэй улсад  төлсөн татвар мөн энд тусгагдана.
19. Нийтлэг хувь хэмжээгээр төлбөл зохих татвар (мөр 36)-ыг ногдуулсан татвар (мөр 34)-аас хөнгөлөгдөх татварын дүн (мөр 35)-г хасч тодорхойлно.  
20. Хуульд заасан тусгай хувь хэмжээгээр татвар ногдуулахаар заасан орлогууд болон гадаад улсад олсон орлогод ногдох татварыг маягтын Б хэсэг /Тусгайлсан хувь хэмжээгээр ногдуулах татварын тооцоолол/-т  тусгана.
21. Нийт төлбөл зохих татварын дүн (мөр 53)-г 36-р мөрийн дүн дээр 52-р мөрийн дүнг нэмж тодорхойлно.
22. Маягтын В хэсэг буюу “Татварын тооцоолол” хэсэгт тухайн тайлант хугацаанд ногдсон татвар, өмнөх тайлангийн баталгаажуулсан үлдэгдэл, татварын албатай тооцоо нийлэн төлсөн татвар, бусад татварын өрөнд болон бусад татварын илүүгээс суутган тооцсон дүн, өмнөх дутуу төлөлтөөс илүү төлөлтөд нь суутгасан, хүчингүй болсон, буцаан олгосон дүнгүүдийг тусгаж, тайлангийн эцсийн үлдэгдлийг тооцон, баталгаажуулна.
23. Аж ахуйн нэгжүүд нь ААНОАТ-ын тайлангийн тодруулга /ТТ-02г/-ыг заавал бөглөх бөгөөд уг маягтаар албан татвар ногдох орлогоос хасагдах зардлын дүнг хуулинд заасан зардлын нэр, төрлөөр гаргаж тайлагнана.
24. Аж ахуйн нэгжүүд нь энэхүү тайлангийн маягтаар 2011 оны 4 дүгээр улирлаас эхлэн тайлагнана.
  Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан  TT-02