Татварын Ерөнхий Газар

НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилт болон ААНОАТ-ын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт .

                                         Өнөөдөр Сангийн яам, Татварын ерөнхий газраас хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

 Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас эдийн засгийн өсөлтийг татварын бодлогоор дэмжих, татварын энгийн ойлгомжтой, тэгш шударга байх зарчмыг хангах,олон улсын жишигт нийцүүлэх чиглэлээр тодорхой үе шаттай арга хэмжээг авч хэрэгжүүлсний нэг нь 2015 оны 07 дугаар сарын 09-ны өдөр баталсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /шинэчилсэн найруулга/ юм.

Энэ хуулийн зорилго нь татварын хуулийн хэрэгжилтэд татвар төлөгчийн оролцоотойгоор хяналт тавих, татвар төлөгчийг урамшуулах, бүртгэл, хяналтын тогтолцоог сайжруулах замаар бизнест ээлтэй, тэгш шударга өрсөлдөх орчныг бий болгох, далд эдийн засгийг бууруулах эрх зүйн орчныг бүрдүүлснээрээ онцлогтой байна.

Хууль хэрэгжсэнээр бизнес эрхлэгч 38'825 татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээд стандартын шаардлага хангасан бүртгэлийн машин хэрэглэж, мэдээлийг төлбөр тооцооны бүртгэлийн системд илгээж хэвшсэн бөгөөд энэ онд хэдийгээр нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх босгыг нэмэгдүүлсэн боловч борлуулалтын орлогын хэмжээ нь хуулийн шаардлага хангасан 2'708 татвар төлөгч шинээр нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгэгдсэн байна.

Татварын бүртгэл сайжирч, татварын албанд бүртгэлтэй бизнес эрхлэгчдийн тоо нэмэгдсэнтэй холбогдуулан өнгөрсөн оны гүйцэтгэлээр дотоодын бараанд ногдуулдаг Нэмэгдсэн өртгийн албан татварын орлогын хэмжээ 553.2 тэрбум төгрөгт хүрч, 2015 оны гүйцэтгэлээс 70 орчим тэрбум төгрөгөөр давсан байна. Өөрөөр хэлбэл энэ жил 700 орчим тэрбум төгрөгийн нэмэлт худалдан авалт татварын албанд бүргтэгдсэн гэсэн үг юм.

Түүнчлэн 2016 онд татвар төлөгч иргэн цахим төлбөрийн баримтын системд хэрэглэгчээр бүртгүүлэн 19 удаагийн сугалааны тохирлоор иргэнд 3.6 тэрбум төгрөгийн сугалааны урамшуулал олгосон байна.

Мөн татвар төлөгч иргэнд албан татварын 20 хүртэл хувийн буцаан олголтын урамшуулал хэлбэрээр 620’409 татвар төлөгч иргэнд 35.5 тэрбум төгрөгийг буцаан олгох юм.

Үүнээс буцаан олголтын нөхцөл, шаардлага хангасан 482’587 татвар төлөгч иргэний 34.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийлгэхээр хүргүүлснээс 2017 оны 02 дугаар сарын 03 -ны 17:00 цагийн байдлаар 461’865 татвар төлөгч иргэнд 33.8 тэрбум төгрөгийн буцаан олголтыг олгосон нь мөнгөн дүнгээр нийт буцаан олголтын 97.0 хувийн гүйцэтгэлтэй байна. Одоогоор 20’722 татвар төлөгч иргэний 0.7 тэрбум төгрөгийн буцаан олголтыг олгох ажил хийгдэж байна.

Харин буцаан олголтын нөхцөл, шаардлага хангаагүй буюу нэр, дансны дугаараа алдаатай оруулсан 137’822 татвар төлөгчийн хувьд татварын урамшуулал авах боломж нь нээлттэй байгаа бөгөөд холбогдох мэдээллээ 2017 оны 02 дугаар сарын 15-ны  дотор засварлах боломжтой юм.



                                              Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар

УИХ-ын 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа.

Хууль батлагдсанаар жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй, хүнсний үйлдвэрлэл, хувцас болон нэхмэлийн үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл болон газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа албан татвар төлөгчийн үндсэн үйл ажиллагааны орлогод 1 хувиар орлогын албан татвар ногдуулахаар боллоо.

Жижиг, дунд буюу жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй аж ахуйн нэгжид 1 хувиар албан татвар ногдуулах зохицуулалтыг хийснээр аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа задлах, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийх замаар энэхүү хөнгөлөлтөд өргөнөөр хамрагдах, улмаар төсвийн орлогын эх үүсвэрт сөрөг нөлөө үзүүлэх эрсдэл байсан. Иймээс албан татвар төлөгчийн тайлант жилийн албан татвар ногдох орлогыг тодорхойлохдоо тухайн албан татвар төлөгч болон түүнтэй харилцан хамаарал бүхий этгээдийн албан татвар ногдох орлогын нийлбэр дүнгээр тодорхойлохоор хуульд заасан.

Хууль батлагдсанаар эхний ээлжинд нийт 4678 жижиг дунд аж ахуйн нэгж татварын хөнгөлөлтөд хамрагдаж, 1.3 орчим тэрбум төгрөгийн татварын дэмжлэгийг эдлэхээр байна. Мөн жижиг, дунд бизнес эрхлэгч аж ахуйн нэгжийн татварын дарамт буурч, ажлын байр, хөдөлмөр эрхлэлт нэмэгдэх таатай нөхцөл бүрдэх болно. Үүгээр зогсохгүй шинээр бизнес эрхлэх явдлыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалт нэмж татах нөхцөл бүрдэх юм.


:)